ДОРНОГОВЬ: Музей, сургалт судалгааны төв 6000 орчим үзмэр, эд өлгийн зүйлс бүхий сан хөмрөгтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төв үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой өнгөрөгч амралтын өдрүүдэд тохиолоо.
Ойн хүрээнд Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний музейтэй хамтран "Музейн ажилтнуудын мэргэжлийн чадварыг дээшлүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгуулснаас гадна баярын жагсаал, хүндэтгэлийн тоглолт, музейн чихмэлч, сэргээн засварлагч Г.Гантулгын бие даасан "Байгаль эхийн бэлэг-2" үзэсгэлэнг олны хүртээл болгожээ.
Тус музейг 1945 онд Орон нутаг судлах кабинет нэртэй анх байгуулж байсан бөгөөд 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей сургалт судалгааны төв болон өргөжсөн байна.
Аймгийн Музей, сургалт судалгааны төв үзвэрийн зургаан танхимтай, 6000 орчим үзмэр, эд өлгийн зүйлс бүхий сан хөмрөгтэй юм.