АРХАНГАЙ: Хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. “Цэцэрлэг сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийн хүрээнд Архангай аймагт хүүхдийн хараа шалгах сургалтыг зохион байгууллаа.
“Orbis” ОУБ-аас Монгол Улсад хүүхдийн харааны урьдчилан сэргийлэх үзлэгийн шинэ аргыг нэвтрүүлж, сургууль цэцэрлэгт түшиглэсэн хүүхдийн нүдний эрүүл мэндийн тогтолцоог үүсгэхэд шаардагдах чадавхыг бий болгох зорилготой 2024 оноос хэрэгжүүлээд байна.
Төслийн эхний ажил нь Улаанбаатар хотын нэг дүүрэг, 6 аймгийн 33 сургууль цэцэрлэгийн 221 эмч, багш, нийгмийн ажилтанд хараа шалгах чадавхыг эзэмшүүлэх сургалт юм. Сургалтад Архангай аймгийн сургууль, цэцэрлэгийн эмч, багш, нийгмийн ажилтан нарын 25 хүн оролцсон бөгөөд төслийн танилцуулгыг сонсож, цаашид хэрхэн ажиллах талаар мэдээлэл авлаа.
Боловсролын байгууллагыг суурилсан энэхүү төсөл нь Улаанбаатар хотын нэг дүүрэг, 6 аймгийн 33 сургуулийн 37400 хүүхдийг харааны үзлэгт хамруулна. Архангай аймгийн тухайд Эрдэнэбулган сумын 1, 2, 3, Тариат сумын сургуулийн нийт 5300 хүүхэд хамрагдана.
Төслийн хүрээнд цэцэрлэг, сургуулиудад харааны үзлэгийн багц, "Туяа ба шидэт зүлэг" ном, симуляци шил, нүдний эмч, эрүүл мэндийн байгууллагад нүдний үзлэгийн багаж, тоног төхөөрөмжийг хандивласан байна.
Саяхан Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн нэгжээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хараа, сонсгол шалгах 47.0 сая төгрөгийн үнэ бүхий төнөг төхөөрөмж, аппаратуудыг хүлээлгэж өгсөн байдаг.
Архангай аймгийн хэмжээнд 400 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байна. Сүүлийн жилүүдэд сул хараатай хүүхдийн тоо олшрох хандлагатай байгааг, холбогдох газруудтай хамтран судалгаа хийхээр төлөвлөснийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Архангай дахь салбараас мэдээлж байна.