СЭЛЭНГЭ: Сүхбаатар сум, Бией хотын хоорондын харилцан санамж бичигт гарын үсэг зурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-21 07:11:01

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Япон улсын Хоккайдо мужийн Бией хотын хоорондын харилцан хамтын ажиллагааны санамж бичгийг боловсруулан 11 дүгээр сард 2 тал харилцан санамж бичигт гарын үсэг зурахаар болсон байна.

 

Энэ оны 9 дүгээр сард Сүхбаатар сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийн хамт Япон улсад зочилж, албан уулзалтад оролцсон юм.

 

Энэхүү уулзалтын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуучлал, хог боловсруулах үйлдвэр, боловсрол, соёлын харилцааг өргөжүүлэх олон чиглэлээр санал солилцож, хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ.

 

Япон улсын Хоккайдо мужийн Бией хотын дарга Kakuwa Hiroyuki, хотын ИТХ-ын дарга Nomura Yuji нар бусад төлөөлөгчийн хамт энэ сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд харилцан зочиллоо.

 

Зочдыг өчигдөр Сүхбаатар сумын ИТХ-ын дарга, бодлогын хороодын дарга нар болон сумын удирдлагууд хүлээн авч уулзлаа.

 

Хамтын ажиллагааны санамж бичигт 2 тал гарын үсэг зурснаар Сүхбаатар суманд боловсрол, соёл, урлаг, аялал жуулчлал, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах нөхцөл бүрдэх юм.

 

Холбоотой мэдээ