Стивен Хокинг: Хүн төрөлхтөн дэлхий дээр дахиад 1000 жил оршин тогтнох боломжгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2016-11-17 12:36:12

ВАШИНГТОН. /CBS/. Хүн амьдарч болох өөр гараг олохгүй бол хүн төрөлхтөн дэлхий дээр дахиад 1000 жил оршин тогтнох боломжгүй хэмээн профессор Стивен Хокинг анхааруулжээ.

Алдарт онолын физикч, сансар судлаач С.Хокинг Оксфордын холбооны нийгэмлэгийн мэтгэлцээн дээр дэлхий ертөнц болон хүн төрөлхтөний үүслийн талаар илтгэл тавих үеэрээ хүн төрөлхтөний ирээдүйн талаар ийнхүү хар бараан зураглал гаргажээ.

Өдгөө 74 настай профессор С.Хокинг дэлхий ертөнцийн талаар ярихдаа өнгөрсөн 50 жилийн хугацаан дахь ололтуудыг үнэлээд 2016 он бол “амьд байж, онолын физикийн судалгаа хийхэд оргил цаг хугацаа” байсан гэжээ.

Тэрбээр цааш хэлэхдээ “Дэлхий ертөнцийн талаарх бидний зураглал өнгөрсөн 50 жилд ихээхэн өөрчлөгдсөн бөгөөд би үүнд бага ч гэсэн хувь нэмрээ оруулсан бол баяртай байна. Байгалийн үндсэн хэсгүүдийн нэг болсон хүн бид нар биднийг захирдаг байгалийн хууль болон орчлон ертөнцийн талаар ийм их ойлголттой болсон нь үнэндээ гайхалтай ялалт юм. Хүн төрөлхтөний явуулж буй “амбицтай” туршилтууд нь орчлон ертөнцийн талаарх бүр нарийн зураглалыг бидэнд өгөх болно. Космос гэх мэт супер компьютеруудын тусламжтайгаар бид сая сая галактикуудыг байрлалыг тогтоох болно. Бид орчлон ертөнцөд өөрсдийн байр суурийг ч илүү ойлгох болно. Бид нар магадгүй нэг өдөр таталцлын долгионыг ашиглах боломжтой болж магадгүй.  Бид хүн төрөлхтөний ирээдүйн төлөө сансар дахь хайгуулаа үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн онцлоод “Маш эмзэг болсон энэ гарагаасаа бид явахгүй бол хүн төрөлхтөн дахиад 1000 жил энэ гараг дээр оршин тогтнож чадна гэж би бодохгүй байна” гэжээ.

Хүн төрөлхтөний ирээдүйн талаарх Профессор С.Хокингийн таамаглал сүүлийн хэдэн саруудад нэлээд бараан өнгө аястай байгаа юм. 

Өнгөрсөн 1 дүгээр сард тэрбээр шинжлэх ухаан, технологийн хөгжил “аливаа зүйлс буруу тийшээ явах шинэ арга замуудыг бий болгож байна” гэж анхааруулж байсан билээ.

Тэрбээр мөн хүн төрөлхтөн Ангараг гараг дээр бие даасан колонийг байгуулахад ойрын 100 жил шаардлагатай. Энэ хугацаанд хүн төрөлхтөн энэ дэлхий дээр “маш болгоомжтой” байх ёстой гэжээ.

Х.Сарнай

Холбоотой мэдээ