Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүжигчдийн орчин, нөхцлийг сайжруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-11-17 17:54:31

ШШГЕГ болон “Тэргэнцэртэй иргэдийн үндсэний холбоо” ТББ хорих ангид ял эдэлж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүжигчдийг нийгэмд бие даан амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх сургалт, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх болж, Санамж бичиг байгуулжээ.

Санамж бичгийн хүрээнд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүжигчдийн дунд уулзалт, ярилцлага, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, тэдний гэр бүлийн гишүүд, хүүхдүүдэд боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны орчин нөхцлийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүжигчдэд хүртээмжтэй байдлаар бүрдүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага гаргах юм.

Санамж бичигт ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, Нийгэм, сэтгэл зүйн тасгийн дарга, дэд хурандаа Д.Намгэрэл, “Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав, гүйцэтгэх захирал Л.Бат-Отгон, “Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Чулуундолгор нар гарын үсэг зурлаа.

Өнөөдрийн байдлаар ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад 140 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд ял эдэлж байгаа юм. Санамж бичгийн хүрээнд “Тэргэнцэртэй иргэдийн үндсэний холбоо”-ноос эхний ээлжинд Хорих 421 дүгээр ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүжигчдэд тэргэнцэр, шүршүүрийн сандал, суултуур зэрэг 900 мянган төгрөгийн эд материал хандивлав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ