Зүүн бүсийн физикийн олимпиад “Бүс нутгийн хөгжилд бид хамтдаа” уриан дор боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЗүүн бүсийн физикийн олимпиад “Бүс нутгийн хөгжилд бид хамтдаа” уриан дор саяхан Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо болж өнгөрлөө.
Физикийн хичээлийн арга зүй, технологи, багш сурагчдын хувь чадамж, хамтын ажиллагааны бүтээмжийг дээшлүүлэн, харилцан туршлага солилцох зорилготой уг олимпиадад Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Өргөн сум, Дорнод аймгийн ЕБС-иуд, Баяндун, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо сумын нийт 22 багш, 325 сурагч оролцож оюун ухаанаа сорин өрсөлдөв.
8-12 дугаар анги, багш гэсэн төрлөөр явуулсан энэ удаагийн Зүүн бүсийн олимпиадад багийн дүнгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын Улсын тэргүүний лаборатори Хан-Уул цогцолбор сургууль тэргүүн байрыг эзэлж, шилжин явах цом гардлаа. Хоёрдугаар байрт Дорнод аймгийн Улсын тэргүүний 5 дугаар сургууль, удаахь байрыг Хэнтий аймгийн нэгдүгээр сургууль эзэлсэн байна. Хувийн амжилтаар Улсын тэргүүний, лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн физикийн багш Ц.Хоролжав, тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч Х.Үүрийнтуяа, Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Хэрлэн нар тэргүүлж, Улсын физикийн олимпиадад оролцох эрхийн бичиг гардлаа.
Бүсийн чанартай уг олимпиадыг Улсын физикийн олимпиадын холбооны удирдлагууд ирж хамтран зохион байгуулж, шагналыг гардууулсан юм.
Олимпиадыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, Улсын тэргүүний лаборатори Хан-Уул цогцолбор сургуулийн захирал Монгол Улсын Гавьяат багш Г.Бүдтуяа, “Техникийн цогц шийдэл” ХК-ийн захирал Ч.Энхтөр, бизнесмен П.Адилбаяр нар 5 саяас 200 мянга хүртлэх төгрөгөөр ивээн тэтгэжээ.
Ирэх онд зохиогдох Зүүн бүсийн физикийн XX олимпиадыг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын ЕБС зохион байгуулахаар болж, шилжин явах тугийг гардав.
Б.Туяа