Хөдөлмөрийн чадвараа алдахаас урьдчилан сэргийлэхэд даатгалын мөнгийг зарцуулах нь чухал гэв

Орон нутагт | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 09:54:09

Өмнөговьт НДЕГ-аас мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдтэй хамтран уулзалт зөвлөлгөөн зохион байгууллаа.

Өндөрт байрлалтай ажил болон өндөр хүчдэлийн цахилгааны орчимд мөн уул уурхайн хүнд нөхцөлд ажилладаг гээд осолд өртөхөд амархан өндөр эрсдэлт ажлын байруудад осол ихээр гардаг. Тэгвэл энэхүү зөвлөлдөх уулзалтаар 3 үндсэн асуудлыг шийдвэрлэх зорилт тавьжээ.

 Энд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх улмаар ажил олгогчийн хөдөлмөрийн  эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоонд аж ахуйн нэгжийг нэвтрүүлэх,  энэ чиглэлээр сургалт зохион байгуулах зорилгын хүрээнд бүсчилсэн уулзалт зөвлөгөөн болж байна. Нөгөөтэйгүүр ажил олгогч нар 3 хувийн ослын даатгал гэж шимтгэл төлдөг бөгөөд энэхүү ослын даатгалын үр шимийг илүү өгөөжтэй болгохын төлөөх хандлага тогтолцоог өөрчлөхийн тулд энэ мэт зөвлөлдөх уулзалтуудыг ийн зохион байгуулж байна гэж албаныхан онцоллоо.

Гол нь осолд орсны дараа төлбөр тэтгэмж өгөх бус ослоос яаж урьдчилан сэргийлэхэд даатгалын мөнгийг зарцуулах нь чухал гэж үзэж байгаа гэлээ. Харин гарцаагүй осолд орсон тохиолдолд тухайн хүний хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдсаны хохирлыг амь настай нь тэнцэх буюу амь насыг нь бүрэн авран хамгаалж чадахуйц тэтгэмж байлгахад чиглэж байгаа нь давуу тал гэсэн юм.

Өнөөгийн нийгэмд хотжих үйл явц, эдийн засгийн өөрчлөлт, үйлдвэржих явцтай холбоотойгоор үйлдвэрлэлийн ослын тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудал. Жилд 100 мянга орчим иргэд хөдөлмөр алдалтаа тогтоолгож байгаа бөгөөд  баялаг бүтээж,  эх орондоо хөгжил дэвшлийг түүчээлэх эдгээр иргэд халамжийн тэтгэмжид шилжиж байгаа нь харамсалтай. Өмнөговь аймагт болсон энэхүү говийн бүсийн зөвлөлдөх уулзалтад говийн 3 аймгийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын 3 хувиар төлдөг ажил олгогч байгууллагуудын 60 гаруй компаний удирдлагууд оролцож байгаа юм.

    Өмнөговь аймаг  С.Сумьяа


    

Холбоотой мэдээ