Түймэрт цагааны жоншны уурхай нээхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-11-22 21:39:56

Хулд сумын нутаг  Түймэрт цагаан дахь жоншны бичил уурхайг нээхээр болсон тухай аймгийн Засаг дарга О. Бат- Эрдэнэ мэдээлэл өглөө.

Сумын Засаг дарга Ж. Зоригтбаатараас энэ тухай лавлахад, жонш худалдан авах 4 аж ахуйн нэгжийг аймаг шалгаруулсан. Иргэдийн нөхөрлөлийг дахин сэргээж, олборлолтыг хийлгэнэ. Жонш худалдан авах аж ахуйн нэгж, сум, аймгийн Засаг даргын хооронд гурвалсан гэрээ байгуулж ажиллахаар болсон гэлээ. Гэхдээ хэзээнээс эхлэн уурхайг ажиллуулах нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байгаа ажээ.

Эл уурхай Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу үйл ажиллагаа эхэлсэн. Гэвч олборлолт бичил уурхайн хэмжээнээс хэтэрч, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд заасан ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаанд 500 см3 –ээс дээш багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий механизмыг ашиглахыг хориглосон заалтыг зөрчин ажилладаг болсон тул Мэргэжлийн хяналтын газар хэд хэдэн удаа үйл ажиллагааг зогсоож байсан юм. Хамгийн сүүлд МХЕГ-аас үйл ажиллагааг мөн түр зогсоогоод байжээ. Үйл ажиллагааг зогсоосоноос хойш хулгайгаар жонш олборлох явдал ихэсч, орон нутгийн төсөв алдагдалтай хүндхэн нөхцөл тулгарч ирсэн тул уурхайг дахин нээх шийдэлд ийнхүү хүрсэн ажээ. Уурхайг зогсоосон актыг МХЕГ-аас өчигдөр цуцалсан байна.

Т. Отгонтуяа         

 

 

Холбоотой мэдээ