Хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоо өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хүүхэд холбогдсон гэмт хэргийн тоо 50 хувь өсчээ.
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн хэсэг сурагч мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн хэрэг гарч, одоогоор шалгагдаж байна. Аймгийн цагдаагийн газар саяхан Өсвөрийн цагдаа бүлгэмийнхэн болон чиглүүлэгч багш нарыг оролцуулсан нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав.
Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд сурагчид сурагчиддаа нөлөөлөх нөлөөллийн ажлыг идэвхжүүлэх нь үр дүнтэй болохыг тэд чухалчилж байсан. Тэдний ярьж байгаагаар ялангуяа интернет файсбүүк орчинд өсвөр насныхан тун болгоомжтой хандах, “найз”-ын хүсэлт болгоныг хүлээж авалгүй хэнтэй харьцахаа судалж шийдэх, хувийн мэдээллээ хэн нэгэн танихгүй хүнд тараахгүй байхыг зөвлөж цахим мэдээллийг ашиглан элдэв төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх болсныг цагдаагийн ажилтнууд олон нийтэд сэрэмжлүүлэв.
Өсвөр үеийг архи, тамхи, мансууруулах төрлийн элдэв эм, бэлдмэл хэрэглэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр оролцооны байгууллагуудын төлөөллийг хамарсан сургалт сурталчилгааг аймгийн Цагдаагийн газраас тогтмол зохион байгуулж байгаа ч энэ тал дээр эцэг эхийн хараа хяналт чухал гэдгийг онцолж байсан.
Б.Туяа