АТГ-ынхан орон нутагт ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДАвлигатай тэмцэх газрын мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Цэцэгдэлгэрээр ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт 3 хоног ажиллалаа. Тэд Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн агуулга, зорилт, хүрэх үр дүнгийн талаар тус аймгийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулснаар ажлаа эхэлжээ.
Ажлын хэсгийнхэн аймгийн удирдлага, газар хэлтсийн дарга, сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, ГХУС салбар зөвлөлийн гишүүдтэй уулзаж, Авлигатай тэмцэхэд хувийн хэвшлийнхний үүрэг оролцоо хэлэлцүүлгийг бизнес эрхлэгч, ТББ-уудын удирдлага, идэвхтнүүдийг оролцуулан зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлгээр төр, хувийн хэвшил, Иргэний нийгмийн байгууллагыг авлигын эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлж, олон нийтийг шударга, зөв хандлагатай болгох болон хэвийн хэвшил дэх авлигын эрсдлийг бууруулах, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах гэхчлэн Үндэсний хөтөлбөрт тусгагдсан асуудлаар тогтож ярилцжээ. Бизнес эрхлэгчид болон хувийн хэвшлийнхний зүгээс төр гаргасан хуулиа зөрчдөгийг таслан зогсоох, төрийн хяналт шалгалт зарим үед дарамт болж байгааг анхаарах, үнэнч шударгаар татвараа төлсөн аж ахуйн нэгж байгууллага хохирдог, татвар төлөөгүйд нь хожих боломж олгодог. Энэ нь авлига, хээл хахуулийн асуудалд холбогдох нөхцөл болж байгааг ярьж байсан.
-Бид орон нутагт ажиллах хугацаандаа нийтлэг гарч байгаа зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх, тухайн орон нутагт ямар зөрчил голлон гарч байна, юун дээр нь анхаарах талаар удирдах албан тушаалтнуудад зөвлөмж чиглэл өгч ажиллалаа. АТГ-аас зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцон ажилладаг. Зөрчил гарсны дараа биш зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бид сургалтыг зохион байгуулж байна гэж ажлын хэсгийн ахлагч ярив.
Саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр аймаг, сумын удирдлагууд шинээр томилогдож байгаа энэ үед орон нутагт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт гэхчлэн олон чухал асуудлаар сургалт зохион байгуулж байгаад оролцогчид талархаж байлаа.
Б.Туяа