Цагдаагийн газар гэр бүл, хүүхэд хамгаалалын сургалтын танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 16:48:35

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалалын чиглэлээр сургалт, зөвлөгөө өгч, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах танхимыг аймгийн Цагдаагийн газар тусгайлан байгуулжээ.

Дундговь аймагт энэ он гарсаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 6 хэрэг бүртгэгдсэн бөгөөд хохирогчийг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчийн зан төлөвийг өөрчлөх сэтгэл зүйн зөвлөгөө өгч, гэр бүлд чиглэсэн сургалтад хамруулах, шаардлагатай тохиолдолд эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авчээ. Ингэснээр хүчирхийлэл давтан үйлдсэн тохиолдол гараагүй. Харин гэм буруугаа ойлгон, ажил хөдөлмөр эрхэлдэг болж, зан төлөвтөө эерэг өөрчлөлт гаргасан тохиолдлуудыг цагдаагийн хошууч Ж. Жавзандулам ярьсан юм.

Ингэж гэр бүлд чиглэсэн сургалт явуулж, зөвлөгөө өгөх, хохирогч болон хүчирхийлэл үйлдэгчтэй ганцаарчлан уулзаж ярилцахад зориулсан тохиромжтой орчин бүрдүүлэх үүднээс Цагдаагийн газар  “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагад төсөл бичиж өгсөн нь ийнхүү дэмжигдсэн байна.

Цаашид төрийн бус байгууллагатай хамтран гэр бүлд чиглэсэн сургалт явуулж, танхимыг тогтмол үйл ажиллагаатай байлгах ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ