Нэгдсэн эмнэлэгийн рентген аппарат шинэчлэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг БНСУ- д үйлдвэрлэсэн орчин үеийн аналоги системтэй рентген аппараттай болов. Улсын төсвийн 169 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар рентген аппаратаа ийнхүү шинэчилжээ.
Тус эмнэлэгийн рентген аппаратаар жилд 11- 12 мянга орчим хүн оношлуулдаг бөгөөд урьдын рентген нь туяа ялгаруулах хүчин чадал муудаж, нарийвчилсан оношлогоо хийх боломжгүй болоод байжээ.
Шинээр суурилуулсан рентген нь тархины болон бусад эрхтний өвчлөлийг оношилно. Нэг хальсан дээр 8- 9 зургийг хэвлэх, эрхтний өөрчлөлттэй зургийг хэсэгчлэн гаргах боломжтойг Дүрс оношлогооны их эмч С. Нарангэрэл хэллээ. Рентген зургийг 14 хоног хадгална. Мөн онлайнаар бусад эмнэлэгт илгээх давуу тал бүрджээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг хамгийн сүүлд 2008 онд рентген аппаратаа шинэчилсэн байна. Энэ удаад түрүүчийнхээсээ хоёр дахин өссөн хүчин чадалтай рентгенээр шинэчилсэн бөгөөд энэ нь Нэгдсэн эмнэлэг ашиглалтад орсноос хойш рентгений тав дахь удаагийн шинэчлэл болж байгааг их эмч С. Нарангэрэл хэлсэн юм.
Т. Отгонтуяа