Улсын нөөцөөс Дэлгэрхангай сумын эмнэлэгт пургон автомашин өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДэлгэрхангай сумын Эрүүл мэндийн төв түргэн тусламжийн автомашинтай боллоо. Зарим аймаг, суманд өвөлжилт хүндрэх нөхцөл үүсээд байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар 19 аймгийн 21 сумын Эрүүл мэндийн төвд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн байна. Үүний нэг нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын ЭМТ юм.
Тус ЭМТ сумынхаа 2270 гаруй хүн амд эмнэлэгийн тусламж үйлчилгээг хүргэн ажилладаг. 2005 онд түргэн тусламжийн УАЗ- 469 маркийн автомашинтай болж байсан нь 2011 он гэхэд гүйлтийн норм дууссан байна. Гэсэн ч автомашинаа болох хэрээр нь ашигласаар ирсэн боловч өнгөрсөн зун эвдэрч, долдугаар сараас эхлэн хувийн автомашинаар түргэн тусламжийн дуудлагад явдаг болоод байсныг ЭМТ-ийн их эмч Э.Саруулжаргал хэллээ.
Түргэн тусламжийн автомашиныг нь шинэчлэх шаардлагатай хэд хэдэн сум Дундговь аймагт бий. Түүний нэг нь Дэлгэрхангай сум юм. Өнгөрсөн долоо хоногт ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Д. Очирбат өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах талаар бүх аймгийн Эрүүл мэндийн газрын даргатай цахим хурал хийсэн. Энэ үеэр Дундговь аймгийн ЭМГ-аас түргэн тусламжийн автомашинтай болох хүсэлтийг танилцуулсан бөгөөд үүний хариуд Дэлгэрхангай сумын ЭМТ нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашинаа өчигдөр ийнхүү хүлээн авлаа.
Т. Отгонтуяа