Сурагчид аян өрнүүлж, малчиддаа тусламж хүргэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-03 12:57:55

Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн манлайлагч хүүхдүүдийн нэгдэл “Хүслэн” хүүхдийн оролцооны удирдах зөвлөл /ХОУЗ/-ийн  сурагчид санаачлан өвөлжилт хүндэрсэн сумдад туслах "Сэтгэлийн үндэс" аяныг өрнүүлж байна.

Тус аймгийн ихэнх сумд цагаанаар зудархуу нөхцөл байдалд байгаа бөгөөд нутгийн хойд хэсгийн сумдаар цас ахин нэмж орвол өвөлжилт хүндэрч малчид, мал хэцүүхэн байдалд орох төлөвтэй байгаа юм.

 Хүслэн Хүүхдийн Оролцооны Удирдах Зөвлөлийнхөн “Сэтгэлийн үндэс” аян зарлаж, аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хандсанаар 20 гаруй нэр төрлийн 350 орчим мянган төгрөгийн хандив цуглуулжээ.

Энэ сарын хоёрны өдөр өвөлжилт хүндэрсэн Норовлин, Баян-Овоо сумын малчдад зориулан хандиваар цугласан зүйлсийг удирдлагуудад нь гардуулан өглөө.

Хүслэн ХОУЗ нь ДЗМОУБ-ын үүсгэл санаачлагаар байгуулагдан 2002 оноос эхлэн хүүхэд, хүүхдийнхээ төлөө хөдөлгөөнийг өрнүүлж, багагүй ажлууд хийж, өөрийн байр суурь онцлогоо тодорхойлж чадсан хүүхдийн байгууллага юм.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ