Н.Номтойбаяр: Улсын хэмжээнд дахин тэтгэвэр тогтоох аян өрнүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэд тэтгэврээ зөв тогтоолгосон эсэхийг нягтлан шалгах аяныг улс даяар өрнүүлэхээр болжээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгмийн халамжийн чиглэлээр бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр салбарын сайд Н.Номтойбаяр, “Тэтгэврийн шинэчлэл хийхэд хэд хэдэн шат дараалалтай арга хэмжээ авна. Одоогоор бол аудит хийх шатандаа явж байна. Тухайлбал, нэг салбар дээр 187 сая орчим төгрөгийн зөрчил гарсан. Ахмад настны тэтгэврийг буруу тогтоосон хэрнээ гүйцэтгэл дээрээ байцаагч нь бичилтийг нь өндрөөр тогтоож дундаас нь мөнгө завшдаг байж болзошгүй байдал харагдсан. Энэ мэт санхүүгийн зөрчил олон гарч байгаа учраас Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлагууд, бусад холбогдох байгууллагууд хамтраад улсын хэмжээнд дахин тэтгэвэр тогтоолгох, тэтгэврээ шалгах аян өрнүүлнэ. Урьдчилсан байдлаар судалгаа хийж үзэхээр төрийн даатгалын тогтолцоонд иргэд маань хэр итгэж байна, төр итгэлийг нь дааж чадаж байгаа юу гэсэн зарчмын асуудал хөндөхөөр төдийлөн итгэл үзүүлэхгүй байна. Тэгэхээр иргэдийн итгэл даахын төлөө юу хийх вэ гэх мэт шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлнэ” гэсэн юм.
Тэтгэвэр авагчдын дунд тэтгэврээ багаар тогтоолгосон болон ажилласан жилтэй холбоотой олон асуудлууд байдаг. Тиймээс дээрх ажлын хүрээнд тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой буруу зөрүү ойлголтыг уг аянаар цэгцлэх аж.
Б.Туул