8 сарын дотор 56 иргэнийг архинаас гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын дунд “Архи таны сонголт биш” болзолт уралдааныг 8 сарын хугацаатай зохион байгуулжээ.
Уралдаанд 8 сарын хугацаанд “Сүүн тахилт” төрийн бус байгууллага 56 иргэнийг архинаас татгалзуулж тэргүүн байр эзлэв. Тус иргэд архинаас гарах эргэлт буцалтгүй шийдвэрийг өөрсдийн сайн дурын үндсэн дээр гаргажээ. "Сүүн тахилт" төрийн бус байгууллагаас 5 сумын 4000 гаруй иргэнд архины хор хөнөөлийн талаар мэдээлэл өгч, архины хамаарал бүхий 121 иргэнд ганцаарчилсан зөвлөгөө зөвлөмж өгчээ.
Болзолт уралдааны шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр аймгийн ЗДТГ-аас “Сүүн тахилт” төрийн бус байгууллагыг батламж болон мөнгөн шагналаар шагнав. Мөн архинаас татгалзан бусдад үлгэр дууриалал болж байгаа 30 иргэнд батламж гарын бэлгээр урамшуулж, 5 иргэнийг мөнгөн шагналаар шагналаа. Уг арга хэмжээний үеэр сүү өргөн шинэ жил болон цагаан сарын баяр ёслолыг архигүй тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг төрийн байгууллагуудад уриалж байлаа.
Б.Гантуяа