Мал тооллогын дүнг цахим бүртгэлд оруулж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЖилийн эцсийн мал тооллого зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрөөс сумдын мал тооллогын комисс түрүүчээсээ тооллогын дүнг цахим бүртгэлд оруулж эхэлжээ.
Өнгөрсөн жилийн эцэст Дундговь аймгийн малчид мал сүргээ 2 сая 764 мянга 372 толгойд хүргэн, таван төрлөөр нь өсгөсөн. Өнгөрсөн хавар шинээр 867 мянган төл хүлээн авч, төл бойжилт 99 хувьтай гэсэн статистик мэдээ гарсан бөгөөд хүнсний хэрэглээнд зарцуулсан малын тоог хасч энэ оны эцсийн мал сүргийн тоог таамаглаж болохоор байна.
Малын хэрэглээний зарлагыг сүүлийн таван жилээр авч үзвэл, 2011 онд 205 мянган малыг хүнсний хэрэглээнд зарцуулсан бол энэ тоо тогтмол өсч, 2015 онд оны эхний нийт малын 26 хувьтай тэнцэх буюу 638 мянган толгой малыг хэрэглээнд зарцуулсан дүн гарсан. Үүнтэй дүйж тооцоход оны эцэст мал сүргийн тоо 3 саяыг давахаар байна.
Т. Отгонтуяа