Ашиглахгүй байгаа дэд станцыг зөөвөрлөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-13 13:32:46

Дорноговь аймгийн ЗДТГ-аас Сайншанд суманд ашиглахгүй байгаа цахилгааны эх үүсвэр дэд станцыг зөөж гэрэл цахилгаангүй алслагдсан багийн нутагт байршуулж иргэдийг цахилгаанаар хангахаар болжээ.

Одоогийн байдлаар Сайншанд сумын 6 дугаар багийн нутаг шинэ суурьшлын бүсэд өнгөрөгч 4 жилийн хугацаанд 1.4 тэрбум төгрөгийн 5 дэд станц, цахилгаан шугамын байгууламжууд баригдсан хэдий ч  хэрэглэгч байхгүйн улмаас ашиглаагүй өдийг хүрсэн аж.

Мөн Сайншанд хотын хуучин хүнсний үйлдвэрийн дэргэд, Хамарын хийдийн замын уулзварын дэргэд гээд ашиглахгүй байгаа дэд станц буй. Тиймээс ашиглахгүй байгаа дээрх цахилгааны дэд станцыг зөөвөрлөж цахилгааны хэрэгцээтэй байгаа 4, 7 дугаар багийн нутагт шилжүүлж байршуулах ажлыг ирэх онд хийхээр болов.

Хүний амьдрах нөхцөл, дэд бүтцийн асуудлыг урьдчилан шийдэлгүйгээр иргэдэд газар   өмчлүүлж төсвийн хөрөнгөөр тог цахилгаан татсанаар эргээд төрийн өмчийн зарим  эд зүйлүүд хулгайд алдагдах, хуучрах, хараа хяналтгүй болох тохиолдол гарч байгааг албаны хүн хэллээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ