НМХГ-аас сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2016-12-15 12:48:13

Шинэ жилийн баяр, тэмдэглэлт ой зэрэг олныг хамарсан арга хэмжээ ойртож буйтай холбогдуулан зарим бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс хямд үнэтэй, хуурамч бүтээгдэхүүн худалдаанд гарч болзошгүй тул НМХГ-аас сэрэмжлүүлэг  хүргэж байна.

Баяр ёслол, тэмдэглэлт ойн арга хэмжээг зохион байгуулахаар зоогийн газрыг сонгохдоо хоол үйлдвэрлэлийн ажлын байр нь хоол хүнсний зориулалтаар ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх, их хэмжээний хоол хүнснийг нэг дор бэлтгэн халуунаар хадгалахад шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хүрэлцээтэй эсэх, ажиллагсад эрүүл мэндийн шинжилгээнд хамарсан эсэх, хоол хүнсэнд хэрэглэж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлын шинжилгээний бичигтэй баталгаажилттай байх, мах, махан бүтээгдэхүүн нь мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй эсэх, эрх бүхий лабораторит аюулгүй байдлын шинжилгээнд хамарсан байдлыг нягтлан үзэх шаардлагатай.

Мөн ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй, гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх, хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэхийг шалгаж хэрэглэх, гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүнээ зөв хадгалж, бүрэн боловсруулан хэрэглэх, хоносон хоол, удаан хадгалсан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөв.

Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул хоол хүнсэнд хэрэглэхгүй байх, хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа сонголтоо зөв хийх, болзошгүй эрсдлээс өөрийгөө болон хэрэглэгч үйлчлүүлэгчдийг урьдчилан сэргийлэхийг  анхааруулж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ