160 гаруй иргэнийг архинаас гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-12-15 23:21:15

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, “Аз жаргалын эрэлд” ТББ хамтран ажиллаж архинаас татгалзсан иргэдтэй итгэлцлийн гэрээ байгуулжээ. 

Мөн өөрийн хүсэлтээр архинаас татгалзсан иргэдэд зориулсан сургалт эмчилгээг зохион байгуулжээ. “Архигүй Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Зөв амьдрал” бичил төслийг “Аз жаргалын эрэлд” ТББ удирдан явуулж байна. Архины хамааралтай иргэдийг сэтгэлзүйн болон эмийн эмчилгээнд хамруулснаар архины хамааралгүй болж нийгэмшсэн иргэдийн гурав дахь удаагийн “Эдгэрэлийн баяр” болов. Эдгэрэлийн баярт аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын Хууль Эрхзүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нарын хэлтэс агентлагийн удирдлагууд оролцож сургалтад хамрагдсан 19 иргэдийн гэр бүлийнхэнтэй уулзалт хийлээ.

“Аз жаргалын эрэлд” ТББ нь 2012 оноос ажлаа эхлүүлж энэ хугацаанд 160 гаруй иргэдийг архинаас гаргажээ. Эднийх архинаас хамааралтай иргэдийг өөрийнх нь хүсэлтээр сэтгэл зүйн болон эмийн эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг учраас санхүүгийн дэмжлэг ихээхэн хэрэгтэй байдаг байна. Мөн эдгэрээд гарч байгаа хүмүүсийг ажлын байраар хангахад орон нутгаас анхаарч өгөхийг “Аз жаргалын эрэлд” ТББ-ын тэргүүн Д.Оюунчимэг аймгийн удирдлагуудаас хүслээ. Анхны сургалтыг “Дэлхийн зөн” ОУБ-аас санхүүжүүлсэн бол дараагийн сургалтыг аймгийн Засаг даргын нөөц сангаас гаргажээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ