Улаан ямааны удмын санг хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-12-19 20:34:43

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын улаан ямаа бүс нутагтаа алдартай. Тиймээс Бөмбөгөрийн улаан ямааны үүлдэр угсааг хамгаалах, цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд онцгой анхаарч ажиллахаар болжээ.

Тус сум уг улаан ямааны омгийг батлуулж, хэдэн жилийн судалгаа, шинжилгээний ажлыг хийж ирсэн ч сүүлийн жилүүдэд энэ ажил зогсчээ. Энд малыг ээмэгжүүлэх, цөм сүргийн бүтцийг хадгалах зэрэг ажилд эдийн засгийн хомсдол бий болж улаан ямааны удмын сан алдагдах аюул бий болсон байна. Тиймээс цөм сүргээс эцэг малын шилмэл сүрэг бий болгож, уг эцэг малаа малчдад өгч, сүргийн бүтцийг сайжруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, улаан ямааны цөм сүргийн тоог нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах аж.

Өмнө нь Бөмбөгийн улаан ямааг нарийвчлан судалж мах, ноолуурын бүтэц, чанарыг тодорхойлсон байна. Хэрэв ноолуурыг нарийвчлан боловсруулж, хялгасыг нь ялгах замаар европын зах зээлд борлуулбал дотоодын үнээс даруй хоёр дахин өндөр үнээр борлуулах бололцоо байгаа гэнэ. Энэ чиглэлийн төсөл хэрэгжиж, ирэх хавраас уг ажлын эхлэхээр төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар Бөмбөгөр суманд улаан ямаатай 84 өрх байна. Энэ дунд 1984 оноос хойш эцэг, өвгөдөөсөө өвлөж улаан ямааны цөм сүргийн бүтцийг хадгалж, өгсөн үржүүлж буй арван өрх бий гэнэ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ