Томуу, томуу төст өвчин их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-12-21 13:35:18

Өмнөговь аймгийн хэмжээнд сүүлийн гурван долоо хоногт томуу, томуу төст өвчин эрс ихслээ гэж тус аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна.

4345 үзлэгт 219 тохиолдол нь томуу байгаа бөгөөд үүний 91,4 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байгаа гэсэн тоон судалгаа гарчээ. Энэ сард томуугийн өвчлөл 3.8 хувиар өссөн байна.

"Томуу өвчний дэгдэлтийн үед өвөрмөц үүсгэгчийн эсрэг эмийн нөөц бий болгох шаардлагатай болж байна. Мөн суурь өвчтэй 0-1 насны хүүхэд эндэх эрсдэл өндөр болдог учраас эцэг эхчүүддээ анхаарал хяналтаа сайжруулахыг сануулж байна. Олон нийтийн газруудаар явахдаа ч өөрсдийнхөө эрүүл мэндийг эрсдлээс хамгаалж ямар нэгэн халдварт өвчиний үүсгэгч тээж гэртээ авч очихоос болгоомжлох хэрэгтэй байгааг хэлмээр байна" гэж аймгийн Эрүүл мэндийн газрын НЭМХэлтсийн дарга Ц.Өнөржаргал ярилаа.

Ер нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байдал, амьдралын буруу хэвшил халдварт өвчлөлийн дэгдэлтийг нэмдэг байна. Халдварт өвчтэй үедээ өндөр настай, жирэмсэн эхтэй болон нярай хүүхэдтэй айлд очихгүй байх заавал очих шаардлагатай бол амны хаалт хэрэглэх зэргээр бусдыг хамгаалж, хүндлэх хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ