Үүргээ биелүүлсэн иргэнийг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-22 15:28:08

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багийн иргэн Цэндийн Адъяа нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан мал бүхий иргэнийхээ үүргийг амжилттай биелүүлсээр ирсэн нэгэн.

Тэрбээр 2004 оноос эхлэн мал маллахдаа өөрийн 400 тооны үхэр, 30 тооны адуундаа зүсмийн бүртгэл хөтөлж зурагжуулан, нэмэлт, хасалт хийж, мал эмнэлгийн газраас код бүхий ээмгийг өөрийн зардлаар худалдан авч эх, төл малд хийж байгаа туршлагыг нийт малчдад түгээж байна. 
Малчин хүн өөрийн мал сүргээ гэмт халдлагаас хамгаалахад үлгэр жишээ үзүүлж байгаа түүний ажлыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Цагдаагийн газраас өндрөөр үнэлж "Хүндэтгэл", үнэ бүхий зүйлээр шагнаж, амжилт хүслээ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт мөрдөж байгаа журмаар мал бүхий иргэн нь:
-бусдад шилжүүлж байгаа малаа зүсмийн бүртгэл, "А" данснаас хасалт хийлгэсэн үед багийн Засаг дарга гарал үүслийн бичиг олгох,
-мал алдсан бол зүсмийн бүртгэлийн зургаар эрэн сурвалжлуулах, 
-алдсан малыг зүсмийн бүртгэл, "А" данснаас хасалт хийх үүрэг хүлээдэг байна.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ