Ерөнхийлөгч Путины хэвлэлийн их хурал Москвагийн олон улсын худалдааны төвд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-12-23 12:22:48

Өнөөдөр  Орос улсын ерөнхийлөгч Владимир  Путины уламжлалт хэвлэлийн их хурал Москвагийн  Олон улсын худалдааны төвд 12.00 цагт болно.

“Төрийн тэргүүний хэвлэлийн их хурлаараа  эдийн засаг, нийгмийн салбар  болон Сирийн сэдвүүдийг гол төлөв хөндөх болно” хэмээн  Орос улсын өрөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдэгдэв.  

“Уламжлал ёсоор  чухал  гол сэдэв бол Оросын дотоодын амьдрал, эдийн засаг, нийгмийн салбарын сэдвүүд  байна. Ерөнхийлөгчийн  улс орны одоогийн  эдийн засагт өгөх дүгнэлт их чухал ач холбогдолтой.  Энэ асуудлаар олон асуулт ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна” гэж ноён Песков ярьсан.

Түүнчлэн Песков Сирийн байдалтай холбоотой олон асуулт ирэх байх гэж таамаглаж байна гээд  “Сирийн  сэдэвтэй холбогдуулан манай зэвсэгт хүчний хөгжлийн үйл явц олны анхаарлыг их татаж буй юм. Зэвсэгт хүчнийхэн олон жилийн дараа анх удаа зэргэлдээ улсын  хил дамнасан томоохон ажиллагаанд  оролцох болсон. Тэгээд гайхалтай үр дүнд хүрч байна. Манай техник, цэргийнхэн, логистик энэ бүгд сонин байх болов уу” гэв.  

Түүнээс гадна ноён Песковын үзэж буйгаар, АНУ-д болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн тухай болон Орос-Америкийн харилцааны тухай Орос улсын ерөнхийлөгчийн байр суурь сэтгүүлчдэд сонирхолтой байж мэдэх юм гэлээ.  

Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга хэвлэлийн их хуралд америкийн олон сэтгүүлчид оролцохоор эрхээ аваад байгаа хэмээн  мэдэгдэв.

Тэрээр  "Кремлийн сурвалжлагчдад" хэвлэлийн их хурал дээр асуулт тавих боломж илүү олдоно яагаад гэвэл тэд Орос орноор, дэлхийн улс орнуудаар  хөндлөн гулд явж, онгоц, автобусанд хоногийн дийлэнхи цагийг өнгөрүүлдэг гэв. Тиймээс тэдэнд эхлээд боломж олгоно, нөгөөтэйгүүр, гадаадын сэтгүүлчдийг ч бас мартахгүйг хичээдэг гэсэн юм.

Төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Путины хэвлэлийн их хурлыг явуулахад тус улсын яам, тамгын газрууд олон хоногоор  хэвлэлийн их хуралд бэлтгэдэг гэсэн.  

2015 онд 12 дугаар сарын 17-ны өдөр болсон хэвлэлийн их хуралд 1390 сэтгүүлч оролцож урьд өмнө байгаагүй амжилт тогтоосон бөгөөд хэвлэлийн хурал гурван цаг 11 минут үргэлжилсэн билээ.  

Ерөнхийлөгч Владимир Путины энэ удаагийн хэвлэлийн их хурал 12 дугаар сарын 22-ны өдөр товлсон байсан ч, Орос улсаас Турк улсад сууж байсан Элчин сайд Андрей Карловын  оршуулгын ёслолын ажиллагаанд ерөнхийлөгч Путин оролцож, салах ёслол хийх  болсонтой холбогдуулан хэвлэлийн их хурлыг нэг хоногоор буюу  23 -ны өдөр зохион явуулахаар болсон билээ.    

А.Огторгуймаа.  Москва хот. 

Холбоотой мэдээ