Чуулганы пүрэв гарагийн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-15 10:59:17

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүдээс ямар нэг санал гараагүй тул Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор танилцуулахдаа, "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг УИХ энэ оны 2 дугаар сард, Япон Улсын Парламент 5 дугаар сард тус тус соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.

Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж заасан.

Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт импортлох болон экспортлох бараа бүтээгдэхүүнд нэн тааламжтай болон хөнгөлөлттэй тариф хэрэглэх, эдийн засаг, худалдааны бодлого хэрэгжүүлэхэд импортын барааны гарал үүслийн улсыг тодорхойлох асуудал чухал байр суурийг эзэлдэг" гэлээ.

Үүний дараагаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар өчигдөр хуралдсан Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, зарим асуудлыг тодруулж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ