Баян-Өлгийд бүтээгдэхүүн үйлдвэрлэлт жил ирэх тусам буурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-28 02:36:30

Баян-Өлгий аймагт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт он жил улирах тусам нэмэгдэх бус буурах хандлага харагдаж байна.

Хүнс, хөдөө аж ахуйн газрын судалгаанаас үзэхэд үеэ өнгөрөөсөн социалист нийгмийн үед тус аймаг төмс, хүнсний ногоогоор өөрсдийгөө хангаад зогсоогүй, төмсийг гадаадад экспортлож байсан бол одоо дөнгөж жар орчим хувийг нь хангаж, бусад хэрэгцээгээ гаднаас зөөж ирдэг болсон байна. Энэ нь усан хангамж муу, заримдаа тариалан үерт автдаг, гаднаас төмс, хүнсний ногоо оруулж ирдэг тул үнэ ханш нь буурсанаас тариаланчдын тоо цөөрч байгаатай холбоотой юм гэнэ.

Сүүлийн 10 гаруй жилд жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхээр олон зуун хүн зээл, тусламж авсан ч олигтойхон үр дүн харагдахгүй байгаа ажээ.

Аймгийн шинэ удирдлага уул уурхайн үйлдвэрийг хөгжүүлэх шинэ зорилт дэвшүүлсэн нь хэрэгжиж чадвал зөв зүйтэй санаачилга. Гэхдээ үүний хажуугаар мал аж ахуйн бэлэн түүхий эдээр юмхан хийхийг илүү их дэмжих шаардлагатай гэж иргэд ярьж байна.

Нүүдэлчин ард түмний нэн үнэтэй эдэд тооцогддог хонины нэхий үнэгүй болж, саяхан өвлийн идшэнд хэрэглэсэн хоньдын нэхий хээр хаягдаж, айл айлын хашаанд овоолоостой хэвтэнэ. Зөвхөн элдсэн байдлаар нь гадаадад гаргахад торгоноос дутуугүй үнэд орох бөгөөд цэрэг, цагдаа, сурагчдын өвлийн дүрэмт хувцасыг нэхийгээр дотоодод үйлдвэрлэн бэлтгэхэд ихээхэн хөрөнгө хэмнэгдэх нь дамжиггүй. 1970-1980-аад онд Цагааннуурын дамжлага бааз аймгийн хэмжээний малын ясыг цуглуулан авч барааны саван үйлдвэрлэн баруун нутгийг бүхэлд нь хангаж, тосгүй ясыг экспортлодог байжээ. Одоо малын ясыг хэн ч хэрэглэхгүй болсоныг хараад хүмүүс үүнийг тээрэмдээд малын тэжээлд хэрэглэх арга олдох болов уу гэх хүмүүс ч байна.

Малын тэжээлийг бүү хэл зарим улс оронд түүнийг гурилтай хольдог туршлага байдгийн дээр чулууг бутлаад байгаа өндөр хүчин чадалтай техникээр ясыг тээрэмдэх боломж бий. Зөвхөн эдгээр боломжийг ашиглах санаачлага л дутаад байна.   

                                                                  Ш.Айзаря

Холбоотой мэдээ