30-аас дээш хувийн цавуулагтай “Сибирийн сувд” сортыг сэргээнэ

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 12:08:21

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 13-р хуралдаанаас бэлтгэсэн багц мэдээ  

Хөрсний харьцуулсан судалгаа гаргах үүрэг өглөө

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зөвлөлийн 13-р хуралдаан өчигдөр болж хэдэн асуудлыг хэлэлцэн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Тухайлбал нэгдүгээр асуудал болох Хөрсний үржил шимийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Сайхан, Жавхлант сумдын Засаг дарга нарын сонсголыг хэлэлцлээ. Энэхүү асуудлын хувьд хөрсний үржил хамгаалах талаар аймгийн Засаг даргын албан даалгавар гаргахаар шийдвэрлэж, дээрх сумдын Хөдөө аж ахуйн тасгуудад газар тариалангийн талбайн түүхийг бүх талбайнуудад бичиж байх үүрэг даалгаврыг өглөө.

Мөн багийн Засаг дарга нарт хөрсний үржил шимийг хамгаалах үүрэг даалгаврыг өгч, биелэлтийг тооцон ажиллах, хөрсний харьцуулсан судалгаа гаргахыг тус тус үүрэг болголоо.

Газар тариалан, мал аж ахуйн хосолмол хөгжлийг хангана

Сэлэнгэ аймгийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутагт баримтлах бодлого чиглэлийн хэрэгжилтийн тухай Баруунбүрэн, Орхонтуул, Цагааннуур сумын Засаг дарга нарын сонсголыг тус хуралдаанаар хэлэлцлээ.

Энэхүү асуудлын хүрээнд цаашид нутгийн үүлдрийн малыг цөөрүүлэх, шилмэл үүлдрийн мал бүхий эрчимжсэн аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн хосолмол хөгжлийг хангаж ажиллахаар шийдвэрлэсэн. Харин багийн Засаг дарга нарын зүгээс бэлчээрийн хуваарилалтыг зөв зохион байгуулж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар тодорхой чиглэл баримталж ажиллахыг тус хуралдаанаас даалгалаа.

Улаан буудайн хатуу үр үржүүлэх журмын төслийг хэлэлцэв

Улаан буудайн хатуу үр үржүүлэх журмын төслийг боловсруулах үндсэн зорилго нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байдаг. Хөтөлбөрийн дагуу улсын төсвийн хөрөнгөөр оруулж ирсэн 14.5 тн хатуу үрийг эдийн засгийн хувьд бэхэжсэн аж ахуйн нэгжүүдэд өгч тариулан үрийн нөөцийг хоёр дахин нэмэгдүүлж авахад оршиж байгаа юм.

Энэ нь хатуу буудай буюу 30-аас дээш хувийн цавуулагтай “Сибирийн сувд” цэвэр элит үрийн сорт юм байна. Энэ төрлийн буудайг социализмын үед тарьж байсан бөгөөд 1999 оноос хойш тариалах ажил нь зогссон ажээ. Иймээс тус буудайг дахин сэргээхэд энэ журмын бас нэг зорилго чиглэгдэж байгаа юм. Ингээд зөвлөлийн хурлаас хатуу үр үржүүлэх ажлыг төр, хувийн хэвшлийн хоорондын харилцан түншлэл дээр явуулаад тэдний хүлээх үүргийг тодорхой тусгасан төслийг буцааж дахин боловсруулж танилцуулахаар тогтлоо.

Төлбөрийг бүрэн барагдуулах албан шаардлага хүргүүлнэ

Усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлийн 13-р хуралдаанаар авч хэлэлцлээ.

Усны нөөц ашигласны төлбөрийн орлогыг бүрдүүлж байгаа талаар аймгийн БОАЖГ-аас тус хуралдаан дээр танилцууллаа. Эл мэдээллийг сонсоод хууль бусаар ус ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн хохирлыг бүрэн барагдуулах арга хэмжээ авах, усны төлбөр төлөөгүй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу бүрэн барагдуулах талаар албан шаардлага хүргүүлэхийг зөвлөлийн хуралдаанаас үүрэг болголоо.

Хоёр хөтөлбөрийг нэгтгэхээр болов

Энэ сарын 14-ний өдөр хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн 13-р хуралдаанаар  “Багш солилцоо”, “Сурагч солилцоо” хөтөлбөрүүдийн төслийг хэлэлцэв.

Хуралдаанаар “Багш солилцоо”, “Сурагч солилцоо” хөтөлбөрүүдийн төслийг хэлэлцээд эл хоёр хөтөлбөрийг “Багш, сурагчийн солилцоо” хөтөлбөр болгон нэгтгэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ хөтөлбөрт хүүхдийн аюулгүй байдлыг хангах заалтыг нэмж тусгах, санхүүжилтийг шийдвэрлэх хэлбэрийг тодорхой болгох, энэ чиглэлээр хийж байгаа ажлын судалгааг үндэслэх зэрэг чиглэлийг өглөө.

Засаг даргын зөвлөлийн дараагийн хуралдааныг Сайхан суманд хийхээр болов

Энэ өдөр хуралдсан аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний биелэлтийн явцыг хэлэлцлээ.

Хуралдаанаар аймгийн Засаг даргын зөвлөлийн 2015 оны хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх эхний 9 сарын тайланг сонсоод 12 дугаар сард жилийн эцсийн байдлаар гаргаж дахин танилцуулахыг үүрэг болголоо.

Мөн хуралдаанаас аймгийн Засаг даргын зөвлөлийн дараагийн хуралдааныг Сайхан суманд зохион байгуулахаар болов. Тус хуралдаанаар “Багийн хөгжил” хөтөлбөрийн хэрэгжилт, аймгаас батлан гаргасан хөтөлбөрүүдийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийн талаарх Орхон бүсийн сумдын мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ