Гаалийн татварын хуульд хөнгөлөлттэй тариф хэрэглэх заалт нэмж тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-10-15 12:52:57

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт гишүүн орнууд эдийн засгийн түншлэлийн болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар хөнгөлөлттэй тариф хэрэглэхийг заасан байдаг. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг УИХ энэ оны 2 дугаар сард, Япон Улсын Парламент 5 дугаар сард тус тус соёрхон баталсан. Тус хэлэлцээр нь хоёр тал харилцан ноот бичиг солилцсоноор хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд хэлэлцээрийг хэрэгжүүлж эхлэхэд хөнгөлөлттэй тарифын хувь, хэмжээг тохиролцсоны дагуу хэрэглэх аж. Иймд дээрх үндэслэл шаардлагыг харгалзан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хөнгөлөлттэй тариф хэрэглэх заалт нэмж тусгахаар хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Х.Болорчулуун нар Япон Улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлээд хөнгөлөлттэй тарифын асуудлыг бодлогын түвшинд авч үзэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Мөн хууль баталснаар хямд бараа бүтээгдэхүүн орж ирж, үүний оронд үндэсний үйлдвэрлэлээ унагах хэмжээнд хүрчих вий гэсэн болгоомжлол байна гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хуулийн төслийг мөн дэмжиж байгаагаа илэрхийлээд "Хоёрдугаар сард УИХ-аас Япон Улстай байгуулах эдийн засгийн түншлэлийг соёрхон баталсны дагуу энэ асуудлыг ярьж байгаа. Хэлэлцээрээр Монгол Улс Японы зах зээлд 9000 төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх,  Япон Улс Монгол руу 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах юм. Хоёр улс Дэлхийн Худалдааны байгууллагын гишүүн орны хувьд гаалийн татвар адилхан байх ёстой. Архи спиртийн тухайд манай албан татвар арай өндөр байгаа учраас нэг татвараа багасгаад нөгөөгөөр нь нөхөж байгаа. Иймээс ямар нэг зөрүү байхгүй” гэсэн юм.

Гишүүд асуулт асууж, үгээ хэлсний дараа санал хураалт явуулахад олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Б.Туул

Холбоотой мэдээ