Угаартаж нас барах явдал нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС2016 онд Увс аймгийн хэмжээнд 6 хүн угаартаж нас барсан байна.
Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сарын 29-нд зоориноос ногоо авахаар орсон Улаангом сумын гурван иргэн тэндээ газар дээрээ угаартаж нас баржээ. Өчигдөр буюу энэ сарын 1-ний 21 цагт Улаангом сумын 7-р багийн 14 иргэн гэртээ угаартаж, улмаар эмнэлгийн яаралтай тусламж авсан байна. Эдгээр хүмүүсийн гурав нь 0-15 хүртэлх насны хүүхдүүд байжээ. Угаартсан хүмүүсийн биеийн байдал одоогоор сайжирч байна. Үүнээс гадна Өмнөговь суманд 12-р сарын 25-нд нэг гэр бүлийн 5 хүн угаартаж эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртжээ.
Угаарын хийн хордлогын талаар аймгийн НЭ-ийн эмч нар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга ярьж анхааруулж байгаа ч үр дүн гарахгүй байна. Идэр есийн хүйтэн эхлэж, газрын хөрсөн дээр 35 хэм хүрч хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд гэртээ өдөрт гурван удаа нүүрс түлэх ёстой атал эдийн засгаа бодоод сойлт ашиглан дулаанаа барьж өдөртөө хоёр удаа нүүрс түлж байгаа аж. Гэтэл зарим иргэд сойлтоо татахгүй орхисноос ийнхүү угаартах явдал гарсаар байна. Мөн том машины жолооч нар машинаа бүтээсэн хэвээрээ халааснаас болж өөрсдөө угаартдаг аж.
“Цаашдаа угаарын хийнд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх хандлагатай байгаа тул аймгийн ЭМГ-аас “Угаараас сэргийлье” сарын аяныг маргаашнаас эхлүүлэх гэж байна. Ард иргэд нүүрс түлэхдээ анхаарал болгоомжтой байж, 0-5 насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанг гэрт ганцааранг нь орхихгүй байх хэрэгтэй” хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяр өнөөдөр болсон албан газрын дарга эрхлэгч нарын хурал дээр онцоллоо.
Увс аймаг эрс тэс уур амьсгалтай тул иргэд 4-р сарын 10 хүртэл нүүрс түлдэг юм.
Б.Батхүү