Завханы нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-03 16:25:30

Завханд 2017 оны эхний байдлаар 24 сумын 115 багийн 8,3 мянган малчин өрх, нийтдээ 5,7 мянган цэгт хонин толгойд шилжүүлснээр 5,3 сая мал өвөлжиж байна.

Үүнээс үндсэн сумынхаа нутагт 7,6 мянган өрхийн 3,0 сая орчим мал, аймаг дотроо бусад сумын нутагт 303 өрхийн 265,0 мянган мал, хилийн зурвас нутагт 120 өрхийн 71,0 мянган мал, тусгай хамгаалалтай бүс нутагт 55 өрхийн 12,1 мянган мал өвөлжиж байгаа бол, аймаг дундын отрын бүсэд таван сумаас 62 өрхийн 174 хүн, 74,2 мянган мал  өвөлжиж байна.

Харин Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Сантмаргац, Баянтэс, Асгат сумаас хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын 14 сумын нутагт  163 өрхийн 65,1 мянган мал отроор орон өвөлжиж байна.

Завханы нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлтэй байна

Завханд өнгөрсөн оны 12 сарын байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. 

Мөн сард харьцангуй дулаарсны улмаас цас хайлмагтаж, хуучин цас 3-10 мм хэмжээгээр сууж нягтаршсан байна. Монгол Улсын Засгийн газрын 286-р тогтоолоор Зудыг үнэлэх шалгуур үзүүлэлтээр цагаан зудтай, өндөр уулын болон ой хээрийн бүсэд 25 см, хээрийн бүсэд 22 см байх нөхцлөөр Баянтэс сум- бүх багт цагаан зуд,  Тэс сумын  баян-уул Нисэг баг, Баянхайрхан сумын Төөнт, Минж баг, Асгат сум Аргалант баг хэсэгчлэн газруудаар цасны дундаж зузаанаар  цагаан зудын байдалд шилжжээ. 

Харин Баянтэс,Тэс, Баянхайрхан сумдын уулархаг бүс нутгийн зарим хэсгээр уулын ар, гуу жалганд мөсөн зайрмаг, давхрага үүссэн мөн уулсын хөндийн хэсгээр цас хөрлөж хатуурсан хөрний зузаан 2-8 см байна.  Өнөөдрийн байдлаар өвөлжилт хүндэрсэн зургаан сумын нутаг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уулын хойд хэсгээр тал газартаа  16-23 см, ууландаа 25-30 см, гуу, жалгандаа 40-60 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Ялангуяа Баянтэс сумын Жавхлан, Хачиг, Зайгаль багууд, Асгат сумын Аргалант баг, Тэс сумын Баян-уул, Дооно багуудийн хойд хэсэг, Баянхайрхан сумын  Төөнөт, Минж багуудын нутгаар талдаа 31 см-ээс дээш зузаан цасан бүрхүүлтэй, цасан бүрхүүлийн дунд хэсэгт хайлмагтсан цасны  мөстсөн 4-6 см үе үүссэн байдалтай байна. /Ууландаа 31-40 см, гуу жалгандаа 41-50 см/ Иймд эдгээр нутагт өвөлжиж буй малчин өрх, айлын малын хөл халцрах байдал элбэгшиж байна. Иймээс аймгийн ЗДТГ, аймгийн Онцгой комиссын зүгээс шуурхай арга хэмжээ авч тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Завхан аймаг өвс тэжээлээ бүрэн базаажээ

Завхан аймаг аймаг хөгжүүлэх сангаас  111.1 сая төгрөг гаргаж,  аймгийн аюулгүйн нөөцөд  224 тонн өвс,  80,0 тн тэжээл бэлтгэжээ.

Сумдын аюулгүйн нөөцөд 2400 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэхээс 1275,5 тн өвс, 126,5 тн тэжээл бэлтгэж МУ-ын засгийн газрын тогтоолын заалтын биелэлт 35,4 хувьтай байна. Аймгийн Засаг даргын шийдвэрээр өвөлжилт хүндрэлтэй Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Сонгино сумдад ажлын хэсгийг өмнөх оны 11-р сарын 18-21-ний өдрүүдэд ажиллуулж, 11-р сарын 21-23-ны өдрүүдэд улсын онцгой комиссын ажлын хэсгийг Сонгино, Тосонцэнгэл  сумдад  хүлээн авч, малчид, иргэд, сумдын удирдлагын өвөлжилтийн бэлтгэл хангуулсан байдалтай газар дээр нь танилцуулж, цаг үеийн нөхцөл өвөлжилтийн байдалд үнэлэлт дүгнэлт хийлгэж, цаашид авах арга хэмжээний аймгийн нэгдсэн төлөвлөгөөг гарган мөрдөн ажиллаж байна.

Шаардлагатай үед зам давааг онгойлгох ажил хийж байна

Өвөлжилтийн ажлын хүрээнд Засаг даргын нөөц сангаас Баянтэс суманд сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 10,0 сая төгрөг гаргаж туслалцаа үзүүлжээ.

Мөн 6,2 сая төгрөгийн хөрөнгө гаргаж зам давааг өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдад өндөр хүчин чадалтай трактороор далпуу чирүүлэн  зам гаргуулах, орон нутгийн чанартай давааг онгойлгох ажлыг эхлүүлжээ. Ингэснээр Асгат сумыг Могойн голын нүүрсний уурхайтай холбосон зам, Асгат сумын төвийг өвөлжилт хүндэрсэн өрх айлтай холбох зам нийт 450,0 гаруй км замыг далпуу чирч онгойлгосон байна. Цаашид энэ ажлыг Баянтэс суманд үргэлжүүлэн хийхээр бэлтгэл ажил хийгдэж байна.  Мөн аймгаас улсын онцгой комисс, холбогдох яам газруудад тавих санал хүсэлт, хүндрэлтэй байгаа сумдад шаардлагатай зүйлсийн жагсаалтийг гарган  аймгийн Засаг даргын тоотоор баталгаажуулан  хүргүүлжээ.

Цас их хэмжээгээр орвол мал өвөлжилт болон зам тээвэр хүндэрнэ

Өнөөдрийн байдлаар өвөлжилт хүндэрсэн сумдад цас хайлмагтах, сууж нягтарших байдлаар сөрөг нөлөө үзүүлж байна. 

Баянтэс сумын Жавхлан, Хачиг, Бужир, Асгат сумын Аргалант, Тэс сумын Дооно, Баян-Уул, Баянхайрхан сумын Төөнөт, Асгат багуудын нутагт  зарим газартаа  цас мөстсөн, хөрлөж хатуурсны улмаас малын хөл халцарч хүндрэл учруулж байна. 2017 оны 1, 2 дугаар сард аймгийн ихэнхи нутгаар олон жилийн дунджаас ахиу цастай, нэг ба хоёрдугаар сард ихэнхи нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх  төлөвтэй  байгаа тул мал өвөлжилт, малын хариулга маллагаа болон зам тээврийн ажилд хүндрэх нөхцөл үүсэх төлөвтэй байна хэмээн аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийн цаг үеийн мэдээллийг өглөө.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ