Шин Шинь компанийнхан эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-07 16:53:00

Дорнод аймгийн Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай Шин Шинь компани өнгөрөгч жилүүдэд тус аймагт 9 тэрбум төгрөгийн татвар төлж, орон нутгийн 500 орчим хүнийг ажлын байраар хангажээ.

Саяхан тус компани Хэрлэн сумын 4 багийн 9 өрхөд тусламж үзүүллээ. Тэд баг, өрхүүдээр урьдчилан явж танилцаад тухайн өрхөд чухам юу нэн шаардлагатай байгааг судлан хэрэгцээт зүйлийг нь өгсөнд иргэд тун талархалтай байна. Тэдний дунд өрх толгойлсон эмэгтэй хэд хэд байж, дөрвөн ханатай жижиг гэрт 13-уул амьдарч байгаа айл ч таарсан. Энэ өрхийн 26-32 насны 4 эмэгтэй бүгд ажил төрөлгүй, бага насны хүүхдүүдтэй, мэргэжил боловсролгүй бичиг үсэгт тайлагдаагүй болохоор ажил олддоггүй гэж байв. Энэ өрх айлд гэхэд тус компаниас 5 тонн нүүрс, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, хүүхдүүдэд нь өвлийн дулаан хувцсыг тусламж болгон өгөв.

Ядуу зүдүү ч байгаагаа цэвэрхэн эдэлж хэрэглээд олсоноо юм болгоод амжиргаагаа залгуулж байгаа өрх ч энэ удаагийн тусламжид багтсан. Хүүхдийн мөнгөнөөс өөр өрхийн орлогогүй хэр нь уурхайн зам дээрээс нүүрс түүж гал залгадаг тухайгаа нэгэн эмэгтэй ярьсан. Амьдралын энэ байдлаас болж хүүхдүүдээ сургууль завсардуулалгүй сурч боловсроход нь анхаарч байгаа нь компанийн удирдлагуудад таалагдаж Оюунцэцэгийнх гэх энэ өрхөд нүүрс түлээнээс гадна сургуулийн хүүхдүүдэд нь дүрэмт хувцас, хоол хүнсний зүйл өгч байлаа. Оны өмнөхөн Хэрлэн сумын 10 дугаар багийн нэг өрхийн 3 хүүхэд галын аюулд өртөж амиа алдсан. Энэ өрхөд аймгаас 4 ханатай гэр олгосон ч туурга давхарлагаа муу байсан учир тэд эсгий туурга, гэр ахуйн цахилгаан хэрэглэл зэргийг тусламж болгон өгөв.

Энэчлэн Шин Шинь компанийнхан нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дорнод аймгийн эмзэг бүлгийн өрх гэр бүлд тусламжийн гараа сунгаж, энэ удаагийн тусламжид нийт 5 сая гаруй төгрөг зарцуулсан байна.

                                                                                                                                             Б.Туяа

Холбоотой мэдээ