Нөөцийн өвсийг хямд үнээр худалдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-01-07 22:06:47

Дархан-Уул аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл, дэд бүтэц, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч Т.Ганболдын хариуцсан өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс хуралдаж мал аж ахуйн өвөлжилтийн байдалд дүгнэлт хийж аймаг сумдын “Өвс тэжээлийн аюулгүйн нөөц”-өд хадгалагдаж байгаа өвсийг хэрхэн зарцуулах талаар хэлэлцэв.

Хурлаар аюулгүйн нөөцөд хоёр жил хадгалагдаж буй 100 тн өвсийг малчид, мал бүхий иргэдэд тодорхой үнээр борлуулахаар болжээ. Зах зээлийн өнөөгийн үнэ нь нэг боодол шинэ өвс 6000-8000 төгрөг байхад хуучин өнжсөн өвсөө нэг боодлыг нь 3500 төгрөгөөр борлуулахаар болж сумдад хуваарилсан байна. Тус аймгийн хэмжээнд 2016 оны мал тооллогын дүнгээр 323,6 мянган толгой мал тоологдсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 35317 толгой малаар буюу 12.2 хувиар өссөн.

Аймгийн аюулгүйн нөөцөд бэлтгэсэн 21.4 тонн малын тэжээл “Өгөөж чанар” ХХК-ийн агуулахад хадгалагдаж байгаа. Үүнээс өнжсөн 100 тн өвсийг Дархан суманд 20 тн буюу 1000 боодол, Хонгор суманд 32 тн буюу 1600 боодол өвсийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд, Шарын гол, Орхон сумдад тус бүр 20 тн өвсийг энэ сарын 10-12-ний өдрүүдэд багтааж борлуулна. Борлуулсан өвсний төлбөрийг аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын дансанд төвлөрүүлж ирэх оны өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхэд хэрэглэхээр болжээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ