“Үндэсний лиг”-ийн тоглолтын орлогыг Хүүхдийн тасагт хандивлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-10 00:43:26
Yesukheitumur Tumurbaatar

Сагсан бөмбөгийн “Үндэсний лиг”-ийн улирлын сүүлийн тоглолт Төв аймгийн Спортын ордонд энэ сарын найманд сүр дуулиантайгаар эхэлсэн бөгөөд Төв аймгийн “Төв ургац” баг, Өвөрхангай аймгийн “Хас хэлхээ” багуудын хооронд өрнөлөө. 

Үндэсний лигийн улирлын сүүлийн тоглолт Төв аймагт болж байгаа өөр нэг онцлог нь тоглолтоос орсон орлогыг Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт амьсгалын мониторинг аппарат авч өгөх чиглэгдсэн гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Үндэсний лигийн тоглолтод Төв аймгийн “Төв ургац” баг түрүүлж Төв аймгийнхаа спорт сонирхогчдоо баясгасан юм.

Түүнчлэн тэдний сайн үйлс үүгээр дуусаагүй бөгөөд “Төв ургац” багийн тамирчид Төв аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Цусны төвд цусаа хандивласан юм. Бусдад үлгэр дуурайл болж олон сайн үйлсийг бүтээж байгаа Төв нутгийн баг тамирчиддаа Нэгдсэн эмнэлгийн хамт олны зүгээс талархаж буйгаа илэрхийлсэн юм. 

Дашрамд дурдахад, “Үндэсний лиг”-ийн тоглолтын өмнө оддын сагсан бөмбөгийн халз тулаан болсон юм. Тоглолтонд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Univers best songs наадмын шилдэг оролцогч Б.Жавхлантөгс, Маск продакшны жүжигчин Г.Ганбаатар,  SBN телевизийн хөтлөгч Б.Болд, МУСТА Оюунбат зэрэг олны танил хүмүүс оролцож тэмцээнийг хөгжөөж байлаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ