Багш нар сурагчаа үнэлэх олон улсын жишгээс суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-10 00:52:11

Завханд суралцагчдын мэдлэг чадварыг үнэлэх үнэлгээний болон судалгааны арга зүй нэртэй сургалт болов.

Улс орныхоо ирээдүй хойч болсон бяцхан үрсийг сурган хүмүүжүүлж, мэдлэг боловсрол олгоход багш нарын үүрэг оролцоо хамгийн чухал юм. Харин тэдэнд тулгамддаг нэг асуудал бол суралцагчдын үнэлгээг хэрхэн тавих вэ гэдэг асуудал юм. ЕБС-ийн багш нар өөр өөрсдийн ойлгоц, үзэмжээрээ суралцагчдыг үнэлэх явдал түгээмэл байдаг.

Тэгвэл ЕБС-ийн багш нарт суралцагчдын үнэлгээ болон судалгааны арга зүйн талаарх мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилгоор “Үнэлгээ болон Судалгааны арга зүй” сэдэвт сургалтыг Боловсрол, соёл урлагийн газраас зохион байгуулжээ. Сургалтад бага болон дунд ангийн 173 багш хамрагдсан байна. Сургалтаар суралцагчийн олон улсын чиг хандлага, суралцагчийн үнэлгээ, түүнийг анги танхимын түвшинд хэрэгжүүлэх, шалгуурын дагуу үнэлгээний даалгавар боловсруулах, үнэлгээний үр дүнг сургалтын чанарыг сайжруулахад хэрхэн ашиглах зэрэг хичээлүүдийг заажээ.

Сургалтын үр дүнд сургуулийн өмнөх боловсролын болон ЕБС-ийн багш нар үнэлгээний зорилго, зорилтыг тодорхойлж, үнэлгээний зорилтын дагуу шалгуурыг боловсруулж сурахаас гадна шалгуурт суурилан үнэлгээний даалгавар боловсруулж, үнэлгээний үр дүнг сургалтанд ашигласнаар суралцагчдын боловсролд чухал ахиц гаргах боломж бүрдэх юм.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ