Ахмад багш 100 гаруй шавьтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-10 00:53:51

Ахмад багш ширээний теннисний спортыг хөгжүүлэх зорилгоор сайн дураараа дугуйлан хичээллүүлж байна.

70 нас аль хэдийн гарсан ахмад багш Б.Хаданхүү аймагтаа анхны теннисний дугуйланг нээн ажиллуулснаас хойш дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй шавьтай болжээ.  Аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын байранд Хаданхүү багшийн шавь нар теннисийн бэлтгэлээ хийдэг ба долоо хоногт 12-14 цаг хичээллэдэг ажээ.

Түүний шавь нараас аймгийн болон улсын тэмцээнүүдэд 11 суралцагч амжилт үзүүлжээ. Хичээлээс бусад цагаар хүүхдүүдийг зөв боловсон хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай болгон хүмүүжүүлэхэд энэ спорт чухал үр нөлөөтэй. Теннисээр хичээллэхэд зөвхөн бие эрүүл чийрэг болоод зогсохгүй, хүмүүжлийн хувьд эерэг нөлөө үзүүлдэг. Хүүхдүүд энэ спортоор хичээллэснээс хойш биеийн тамирын хичээлдээ сайн болсноос гадна хүнтэй зөв харилцаж сурах, биеэ даах чадвартай болох гээд олон зүйлийг сурч тэсвэр хатуужилтай болно хэмээн ахмад багш хэллээ. 

Тэтгэвэртээ гарсан ч шавь нараа сургаж байна

Б.Хаданхүү багш боловсролын байгууллагад 40 орчим жил ажиллаж, ерөнхий боловсролын сургуулийн захирлын албыг 10 гаруй жил хашжээ. Хөдөлмөрийн багш мэргэжилтэй тэрээр 20 гаруй жил теннисээр хичээллэж байна. Энэ туршлагаа тэтгэвэртээ гарснаас хойш хүмүүстэй хуваалцаж байгаа нь түүний хувьд хамгийн том баяр баясал. 70 нас хүрсэн ч нүдний хараа сайн, хөл гар хөшихгүй байгаа нь ч энэ спорттой холбоотой. Мөн тэрээр Улиастайчуудад  өдөр тутамдаа дугуй унахыг байнга зөвлөж үлгэрлэдэг байна.

Мөн теннисээр хичээллэх сонирхолтой насанд хүрэгчдэд ч тусгай дугуйлан ажиллуулж эхэлжээ. Тус дугуйлангаар өнөөдөр 20 орчим иргэн байнгын хичээллэдэг байна. Хүн тэтгэвэртээ гарсан ч ажил мэргэжил, хүсэл сонирхол хэзээ ч хөгширдөггүйн үлгэрлэл болж яваа энэ хүн шавь нараа аймгийн төдийгүй улсын уралдаанд тэргүүлэх хэмжээний чадварлаг тамирчин болгон хүмүүжүүлэхээр бэлтгэл дасгалаа өдөр бүр хийдэг ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ