Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-01-10 09:15:23

УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Арбитрын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоолын төслийг авч хэлэлцэх юм.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд эхэлж, Хөгжлийн банкны тухай буюу гадны банк оруулж ирэх тухай асуудлыг хэлэлцэнэ. Үүний дараа Аялал, жуулчлалын салбарын өнөөгийн байдал болон эдийн засгийг сэргээх хөтөлбөрт аялал, жуулчлалын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудлуудын талаарх Байгаль, орчин, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсохоор товложээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан мөн 09.00 цагаас “Г” танхимд эхэлж, “Цөмийн энергийн салбарын өнөөгийн байдлын талаар” Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын мэдээллийг сонсох нь.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэнэ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд эхэлж, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг дагаж мөрдөх, журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Донорын тухай зэрэг асуудал хэлэлцүүлэгт орж иржээ.

Б.Туул

Холбоотой мэдээ