Ногоон байгууламж нэмэгдүүлэхэд 100 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-17 22:35:33

Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд 2017 онд 100 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Мөрөн сум нь 10 га-д ногоон байгууламжтай бөгөөд нэг хүнд ноогдох ногоон байгууламж олон улсын жишгээс бага байгаа учраас нэмэгдүүлэх шаардлагатай тул ирэх 4 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлжээ. Зорилтын хүрээнд мэргэжлийн байгууллага, төрийн байгууллага оролцсон “Ногоон Мөрөн-2017” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Энэ үеэр өнгөрсөн жилүүдэд ногоон орчин бүрдүүлэхийн тулд “Цэцэгтэй Мөрөн” “Зүлэгтэй Мөрөн”, “Хашаандаа тохилог сайхан амьдарцгаая” зэрэг томоохон ажлуудыг өрнүүлсэн бол энэ жилээс эко орчин бүрдүүлэх чиглэлээр ажиллах гэнэ.

Эко орчин бүрдүүлэхийн тулд иргэдийг урамшуулах бодлогыг баримтлах бөгөөд иргэд тарьж ургуулсан модныхоо тоогоор урамшуулал авч болох юм байна. Үүнд  шилмүүст модыг 8000 төгрөг, навчит модыг 6000 төгрөг, бут сөөг чимэглэлтэй модыг 4000 төгрөг, ургамлын хашлагын уртааш тутамд 4000 төгрөгний  урамшуулал олгох гэнэ.

Энэ онд “Ногоон Мөрөн” бодлогын баримт бичиг боловсруулж ажиллах ба 10,000 ширхэг мод тарьж 1000 метр квадрат газрыг цэцэгжүүлж, 10 мянган метр квадрат газрыг зүлэгжүүлэхээр төлөвлөсөн ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ