Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл өндөр хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-18 12:51:02

Увс аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдан томуу, томуу төст өвчний талаар авч хэлэлцсэн байна.

Аймгийн хэмжээнд 0-5 хүртэл насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл их байгаа тул яаралтай арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа аж. Иймээс ханиад томууны тархалтыг бууруулах, цэцэрлэгүүдэд мэргэжлийн их эмч нарыг ажиллуулах, ханиад томуугаар өвчилсөн хүүхдүүдийг бусдад халдаахгүйн үүднээс эдгэрэх хүртэл нь цэцэрлэгт явуулахгүй байлгах, эмчилгээнд хамруулах, эцэг эхчүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллахыг аймгийн Онцгой комиссын зүгээс Нэгдсэн эмнэлэг болон Эрүүл мэндийн газрын дарга, удирдлагуудад үүрэг болголоо.

Өрхийн эмнэлгүүд болон Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгаар ирж үзүүлж буй нийт иргэд, хүүхдүүдийн 19 хувь нь томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн байгаа нь маш өндөр үзүүлэлт тул ийнхүү шуурхай арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг 40 ортой бөгөөд хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн тоо одоогоор 63-д хүрсэн байна. Иймээс Нэгдсэн эмнэлгийн даргын шийдвэрээр Арьс харшлын тасгийг нүүлгэн ор хүрэлцэхгүй байгаа хүүхдүүдийг хэвтүүлэн эмчилж байна.

Увс аймгийн 18 сумын 8 суманд нийт үзлэгийн 15 хувь нь томуу, томуу төст өвчлөл байгаа аж. Иймд нийт эцэг, эхчүүд хүүхэддээ анхаарал тавьж, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, томуугаар өвчилсөн бол эмчийн заавар зөвлөгөөг дагах, амны хаалт зүүж хэвшүүлэхийг аймгийн ЭМГ-аас зөвлөлөө.

Б.Батхүү

Холбоотой мэдээ