Ю.Цэдэнбал агсны Монголын төрд бүтээсэн гавъяаг 5 ботид эмхэтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2017-01-18 14:29:19

Монгол Улсын төрийг 40 гаруй жил удирдсан Ю.Цэдэнбал агсаны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн таван боть номын нээлт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо.

Хоёр жилийн хугацаанд бүтсэн тус номонд ХХ зууны Монголын түүхэн үнэнийг  ХХI зууны залууст таниулах, Төр нийгмийн зүтгэлтэн  Ю.Цэдэнбалын Монголын төрд гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр, бүтээсэн гавъяаг ард түмэнд хүргэх зорилготой аж.

Ю.Цэдэнбал агсаны 100 жилийн ойд зориулж Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр"-ийг түүний нэрэмжит болгосон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат номын нээлтийн үеэр онцлов. Мөн гэр музей байгуулах, түүхэн кино бүтээхээр төлөвлөж буйг ч дуулгав.

Засгийн газрын санхүүжилтээр бүтээсэн энэхүү таван боть нь "Хүмүүсийн дурсамж" 1, 2, 3 боть, "Би тангарагтаа үнэнч байсан", "Ц.Зоригийн сүүлийн долоон жил" номоос бүрдсэн бөгөөд улсын номын сангуудад өгөхөөс гадна номын дэлгүүрүүдээр борлуулах юм.

Энэ оны дөрөвдүгээр сард багтаан "Ю.Цэдэнбал 100 жил" ном гаргахаар төлөвлөж байгааг өнөөдөр нээлтээ хийж буй таван ботийн эрдэм шинжилгээний зөвлөлд ажилласан "Ю.Цэдэнбалын Академи"-ийн Тэргүүн, Гавъяат багш С.Галсан хэллээ. Цуврал ном бүтээх санаачлагыг МУИС-ийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор, "Ю.Цэдэнбалын Академи"-ийн дэд Ерөнхийлөгч Ц.Жамбалсүрэн гаргасан бөгөөд өөрөө редактороор ажиллах юм.

Э.Энэрэл

Холбоотой мэдээ