Гоц халдварт цэцэг өвчний хоёр голомт үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-20 10:57:13

Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд нэгдүгээр сарын 09-нд, Сайншанд сумын нутагт нэгдүгээр сарын 16-нд малын халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг мал эмнэлгийн мэргэжилтнүүд дээж авч  улсын Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд хонины гоц халдварт цэцэг өвчин болохыг  тогтоожээ.

Дээрх сумдын нутагт өвөлжиж байгаа зарим малчны хотонд ийн халдварт өвчин гарсан тул өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, пост гаргаж орон нутгийн болон Онцгой байдлын албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Нэгдүгээр сарын 20-нд авсан мэдээллээс үзэхэд халдварт өвчний улмаас Сайншанд суманд 31 хонийг устгалд оруулж нийт 1029 хонинд урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ.

Аймгийн ХХААГ-ын даргаас  өвчний голомтын талаар тодруулахад “Халдварт өвчин гарахад өмнө нь зөвхөн голомтын бүсийн хонин сүрэгт л вакцин тарьдаг байсан. Шинэ төлд тарьж  амждаггүй байсан.Гэтэл шинээр гарсан төл мал халдвар тараагаад байна. Тийм учраас  энэ жил дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн  бүх хонинд болон шинээр төрсөн хурганд  вакцин тарихаар бэлтгэж байна. Вакциныг гурван жил дараалан тарина” гэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ