О.Бат-Эрдэнэ: Сайн бордоотой хөрсөнд ямар ч үр ургадаг шиг таатай нөхцөл бүрдүүлж өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-20 13:49:12

Дундговь аймгийн Засаг дарга 2020 он хүртэл тус аймагт 21 үйлдвэр байгуулахаар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан. Энэ зорилтынхоо эхлэл болгож 2017 оныг үйлдвэрлэл дэмжих жил болгосон бөгөөд Дундговь аймагт үйлдвэрлэлийг хэрхэн тогтвортой хөгжүүлэх вэ гэдэгт сэдэв хандуулан Засаг дарга О. Бат- Эрдэнэтэй ярилцлаа.

- Аймаг орон нутгаа удирдан залах үйл ажиллагаагаа тодорхойллоо. Гол зорилго тань үйлдвэрлэл хөгжүүлэх тухайд чиглэх шиг байна, тийм үү?

-Хөгжил бол төв суурин газраа шинэ барилга байшин барих, гудамж тайлбайгаа тохижуулах гэх зэргээр мэдээж хэмжигдэнэ. Гэхдээ иргэдээ ажилтай, орлоготой, амьдралын нөхцөл нь сайжирч ахисан байдлаар харах нь хөгжлийн гол үзүүлэлт гэж боддог. Энэ үүднээс ажлын байртай, орлоготой, сэтгэл амар аж төрөх тийм нөхцлийг ард иргэддээ бүрдүүлэх нь  мөрийн хөтөлбөрийн маань гол зорилго болж байгаа юм. Ажлын байр хаана бий болох вэ, иргэд маань яаж орлоготой байх вэ гэвэл үйлдвэрлэлийн талбарт энэ бүхэн бий болно. Тиймээс сум бүртээ нэг үйлдвэр байгуулъя. Аймгийн хэмжээнд ямар ч байсан 21 үйлдвэр шинээр бий болгох боломжтой хэмээн үзэж байгаа юм.  

Манай аймаг өрсөлдөх чадвараараа 21 аймгийн хамгийн сүүлд жагсч байгаа. Энэ байрнаас бид урагшлах ёстой. Бидний хувьд эдийн засгийн тамир тэнхээ, өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчдийн чадвар сул байна. Бас нэг дутагдал нь засаглалын тогтворгүй байдал...Сүүлийн 4 жилд засаглал доголдолтой, ард иргэдийн итгэл алдарсан байдал нууцгүй хэлэхэд Дундговь аймагт үргэлжилсэн. Энэ бол өрсөлдөх чадвараа доройтуулах гол шалтгаан болсон. Судалгаагаар ч ингэж тодорхойлогдсон байгаа. Тиймээс бизнес эрхлэгчдээ өсгөж, үйлдвэрлэлээ хөгжүүлэн эдийн засгийн тамир тэнхээгээ өөд  татъя.Засаглалаа бэхжүүлж, тогтвортой бодлогоор үүнийгээ дэмжин тэтгэе гэдэг ийм зорилго засаг даргын ажлыг хүлээн авсан даруйд төрсөн юм.

Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн хамт олонтой уулзсан. Өрсөлдөх чадварын хувьд бидэнд ямар давуу тал, ямар дутагдал байна , зөвхөн дан ганцаараа биш хөрш зэргэлдээ аймгуудтайгаа хөгжлийг хамтаа бүтээх ямар боломж байна гэдгийг эрэлхийлж, гарц нээх зорилгоор говийн бүсийн эдийн засгийн өрсөлдөх чадварын чуулганыг аймагтаа зохион байгуулах санал хэлсэн. Энэ санал ч биелэлээ олж, өнгөрсөн намар “Нэг говь- Нэг зорилго” нэрийн дор говийн бүсийн хөгжлийн тухайд чууллаа. Энэ бол ажлын маань эхлэл байсан.

-Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган хөгжлийн гарц эрэлхийлсэн гэдэг нь харагдсаан. Харин тэндээс ямар боломж олж харав? Хөрш аймгуудтайгаа хамтран хэрхэн хөгжих вэ?

 -Өрсөлдөх чадварын чуулганы гол зорилго бол байгаль цаг уур, газар нутгийн онцлогоороо ижил төстэйгийн хувьд говийн аймгууд нэгдээд хамтарвал дан дангаараа явснаас илүү хөгжлийн бодитой ахицыг авчирч чадна гэдэгт оршсон юм. Дундговь аймгийн хувьд, тухайлбал, Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон хамгийн ойрхон аймаг болж байна. Төв аймгийг эс тооцвол шүү дээ...Нөгөө талаар, Монгол Улсын уул уурхайн стратегийн томоохон орд газрыг эргэлтэд оруулж байгаа Өмнөговь аймагтай хиллэж, мөн автозамаар холбогдсон давуу тал байна. Автозамын хоёр үзүүрт ийм томоохон зах зээл байгаа учраас манайх үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөгжүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадвараа ахиулах боломж бий.Дорноговь аймгийг хүнд үйлдвэрийн бүс болгох засгийн бодлого байдаг. Тэгвэл тэнд бас томоохон зах зээл үүснэ.

Тэгэхээр дэргэд зах зээл байна, тэр эрэлт хэрэгцээг хангадаг үйлдвэрлэл нь энд байх учиртай гэсэн төсөөлөлөөр  үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорьж байна.

Говийн бүсэд аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх боломжийг бид ярьсан. Дундговь аймагт зочлоорой гэх биш. Өмнөговь аймагт ирээрэй гэх биш. Манай говь нутагт ирээрэй. Говийн үзэсгэлэнт байгальтай танилцаарай.Ийм ийм газрыг үзэх боломж байна гээд говийн бүсээ бүхэлд нь хамарсан аялал жуулчлалын маршрутыг гаргаж ирье гэж Засаг дарга нар ярилцсан. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн юм.Хэрвээ ингээд хүч тавиад говийн бүс дэхь аялал жуулчлалыг хөгжүүлээд ирвэл аялал жуулчлалыг дагаад жижиг, дунд үйлдвэрлэлийн зах зээл өснө гэж харж байгаа юм.

-Эхлүүлсэн ажил одоогоор бий юу?

-Харилцан тохиролцож, санал санаачлагаа гаргасан. Ингэсэн цагт ажил саадгүй эхэлнэ ээ гэж бодож байна.

-Чухам ямар үйлдвэр байвал Дундговь аймагт “амь бөхтэй амьдрах” вэ гэдэг судалгаа тооцоо бий юу?

 - Энэ тухайд сумын удирдлагуудтай ярилцаж байна. Сум бүрт нэг үйлдвэр байя гэж төлөвлөж байгаа юм шүү дээ. Ерөнхий төсөөлөл юу вэ гэхээр, бэлчээрийн мал аж ахуйгаа түшиглэсэн, түүхий эдийг дэргэдээсээ хангасан бүтэцтэй, өөрөөр хэлбэл, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байвал илүү зохилтой гэж үзээд байгаа юм. Малын арьсаа элдээд боловсруулдаг болчихвол үслэг эдлэлийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэл дагаад хөгжинө. Ноос угаах үйлдвэр байвал ноосон эдлэлийн төрөл бүрийн жижиг үйлдвэрүүд түүхий эдээр хангагдана гэх мэтээр...

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 21 аймагт 100 үйлдвэр байгуулах тухай тусгасан байгаа. Үүний 1-2 нь Дундговь аймагт бий болж таарна. Бид аль болох томхон хүчин чадалтай үйлдвэр байгуулахыг хүсч байна. Мэдээж, өнөөдөр бодож хоноод маргааш нь нэг амьсгаагаар хийчих ажил биш учраас эхлээд жижиг үйлдвэрээс эхэлье, хөрс суурийг бэлдэе гэж байгаа юм.

- Үйлдвэрлэл хөгжих нөхцөл Дундговь аймгийн хувьд хэр сайн бэ?Хэдэн жилийн өмнөөс төр хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрлэлийг дэмжиж ирсэн боловч Дундговь аймагт хөлөө олж тогтсон үйлдвэрлэл хуруу дарам цөөн байгаад та ямар бодолтой байна вэ?

-Үйлдвэрлэл эрхлэгчдийн нэн түрүүнд хэлдэг тулгамдсан асуудал бол бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулах тал дээр хүчин дутагддаг тухай юм. Тэгвэл үүнд бодлогоо хандуулах хэрэгтэй болж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхимын салбар санаачлан аймгийн төвд “Дундговьд үйлдвэрлэв” дэлгүүр нээлээ. Засаг даргын хувьд дэмжлэг үзүүлсэн. Үүн шиг Дундговьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын цэгийг нийслэлд, цаашлаад БНХАУ- ын Эрээн хотод нээх, түрүүнд хэлсэн хөрш аймгууд дахь зах зээлд мөн төвлөрүүлэх зэргээр төлөвлөсөн ажил бий.

Үйлдвэрлэл хөгжих нөхцлийн тал дээр гэвэл, гэрэл цахилгааны найдвартай эх үүсвэртэй, авто замаар нийслэлтэй холбогдсон, байршлын хувьд алслагдсан биш гээд таатай нөхцөл Дундговь аймагт бий.

Гэхдээ илүү сайжруулах таатай бүтээн байгуулалтууд ойрын жилд хийгдэнэ. Тухайлбал, энэ жил 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэвэрлэх байгууламж барина. Зургадугаар сард багтаан Барилга, хот байгуулалтын яам тендэрийг зарлаж, наймдугаар сард ажлыг эхлүүлэхээр саяхан Барилга, хот байгуулалтын сайдтай байгуулсан гэрээнд тусгагдсан. Зураг төсөв нь хийгдсэн байгаа. Цэвэрлэх байгууламж бол манай аймгийн төвийнхний хувьд тун нүдээ олсон бүтээн байгуулалт болно. Энэ байгууламж ашиглалтад орохтой зэрэгцээд ноос угаах үйлдвэр ажиллахад бэлэн, хүлээж байна.  

Мөн хоёр, гурван жилийн өмнө шавийг нь тавиад, хөрөнгө оруулалт саатсанаас ажил нь зогсоод байгаа дулааны станцыг Солонгосын хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулах тухай Засгийн газар ярьж байна. Манай аймгийн хувьд дулааны станц барихаар 3 км шугамын өргөтгөл хийгдчихсэн байгаа юм. Хөрөнгө оруулалт хийгдлээ л бол ойрын 2 жилд дулааны станц баригдана.

Түүнчлэн Дундговь Улаанбаатарыг холбосон 110 квт- ын цахилгааны шугамыг барина. Ингэхээр Дундговь аймаг цахилгааны хоёр  эх үүсвэртэй болно гэсэн үг. Дээр нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоно. Одоогоор 100 га газрын асуудлыг шийдээд өгвөл нарны эрчим хүчний байгууламж барих тухай хөрөнгө оруулагчийн санал ирсэн байгаа. Үүнийг дэмжинэ.

Энэ бүгд Дундговь аймагт үйлдвэрлэл хөгжих таатай нөхцлийг бүрдүүлэх юм. Ус, цахилгаан, дулаан ашигладаггүй үйлдвэрлэл гэж байхгүй учраас хамгийн чухал дэд бүтэц ойрын жилүүдэд ингэж бүрдэхээр байгаа. Үүнийг түшиглээд шинэ соргог үйлдвэрлэл бий болгох хувийн хэвшлийнхний санал санаачлага нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм. Тэр санал санаачлагыг бодлогоороо дэмжээд залуурдах нь л аймаг орон нутаг удирдаж байгаа бидний анхаарах асуудал л даа.

Сайн бордоотой хөрсийг бэлдчихвэл түүн дээр ямар ч ургамлын үр цацсан ургана  шүү дээ. Үүнтэй яг адил...Таатай  нөхцлийг бүрдүүлээд өгсөн цагт хувийн хэвшлийнхний бизнесийн санал санаачлага ургана. Түүнийг бодлогоор дэмжин залуурдаад өгье л гэж байгаа юм.

-Бизнес эрхлэгчдийн зүгээс хэлж ярьж байгаа үйлдвэрлэлийн тодорхой санал бий юу?

- Бий. Саналыг хүлээж аваад мөрийн хөтөлбөртөө тусгасан ажил ч байна. Эрдэнэдалай сумын нутаг дахь Цагаан- Овоогийн нүүрсний уурхайг түшиглээд малын тэжээл, хөрсний бордоо хийх төслийг бизнес эрхлэгч н.Баярхүү боловсруулсан байна. Түүнийг Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн. Нүүрсний уурхайнуудад гумины хүчлийн үе давхарга байдаг. Ихэвчлэн 10- 15 хувьтай байдаг бол манай Цагаан- Овоогийн нүүрсний уурхайд 30 гаруй хувьтай агуулагддаг юм байна. Энэ бол давуу тал гэж үзээд хөрсний бордоо, малын хүчит тэжээл үйлдвэрлэж, Дундговийн брэнд бүтээгдэхүүн болгохоор төслийг дэмжиж мөрийн хөтөлбөрт багтаасан. Үйлдвэрлэл эхэлсэн цагт дотоодын төдийгүй гадаад зах зээлд гаргах боломжтой бүтээгдэхүүн гэж үзэж байгаа юм.

Бас нэг санал хүлээж авсан. Гонконгийн бизнес эрхлэгч Гарри Хо Дундговь аймагт ямааны сүүг боловсруулж, хүүхдийн тэжээл үйлдвэрлэх талаар тодорхой санал ирүүлсэн. Уулзаж ярилцсан. Говь тал хээрийн бэлчээрийн ургамлаар идээшиж байгаа ямааны сүүний тэжээллэг чанар маш өндөр юм байна. Дээр нь манай аймгийн ямаан сүргийн тоо толгой олон учраас энэ үйлдвэр байгуулах нь боломжтой гэж үзээд саналыг хүлээн авсан.

Түрүүнд би хэлсэн, нарны сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл гэж... Үүнийг дэмжиж байгаа. Газрын нь асуудлыг Засаг даргын хувьд шийдэж өгнө. Энэ мэтээр нааштай алхмууд бий шүү.

-Гадаадын улс орны муж, хоттой тогтоосон харилцаагаа үйлдвэрлэл хөгжүүлэх зорилгодоо хэрхэн ашиглах вэ? Тийм эхлэл байгаа юу?

- Чех, Словак улсын зарим мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах харилцааг хоёр жилийн өмнө тухайн үеийн аймгийн удирдлагууд тогтоож байсан. Гэхдээ тодорхой ажил эхлээгүй. Өнгөрсөн намар энэ харилцааг тодорхой үйл ажиллагаанд чиглүүлэх санал ирсний дагуу ИТХ- ын дарга бид хоёр Чех, Словак улс руу яваад ирсэн. Бизнес эрхлэгчидтэй, мужийн удирдлагуудтай нь уулзсан. Үнээний ферм байгуулж, сүү боловсруулах үйлдвэртэй болох дээр санал тогтож ярилцсан байгаа. Үүнийг ажил болгож хэрэгжүүлнэ.

БНХАУ- ын Шаньси мужтай хамтран ажиллах санал илгээсэн. Манай аймгийн нутаг дэвсгэр Монгол Улсын хүрэн нүүрсний нөөцийн 60 гаруй хувийг агуулдаг. Нүүрсийг түүхийгээр биш боловсруулж бүтээгдэхүүн гаргахад байгальд ээлтэй ямар технологиор нүүрсийг ашиглах вэ гэдэгт хамтран ажиллая гэдгийг бидний зүгээс хэлж байгаа юм.

- Тодорхой цаг хугацааны дараа үр дүн харагдаж, таны хэлж байгаа ажлууд биелэлээ олж хэрэгжинэ байх аа гэж найдаж байна. Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

Т. Отгонтуяа         

 

Холбоотой мэдээ