Завханы багш нар нийслэлийн шилдэг сургуулийн багш нараас суралцав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-21 02:18:10

Завханд “Багшийн сэтгэл хүүхдэд-1” удирдах ажилтан, багш нарт зориулсан уулзалт сургалт боллоо.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжих “Сайн багш” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хөтөлбөрийн эхний шат болох туршлага солилцох уулзалт сургалтыг Нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуультай хамтран зохион байгуулсан юм.

"Шинэ үе" сургуулийн шилдэг 22 багш Тосонцэнгэл сумд гурван өдрийн  вакумжуулсан сургалт зохион байгуулж, Улиастайд зүүн болон хойд чиглэлийн 14 сумын 15 сургуулийн 500 орчим багш сургалтанд оролцлоо. Энэхүү сургалт уулзалтын өмнө орон нутгийн багш нараас ямар судлагдахуун, сэдвээр хичээл заалгах хүсэлтэй байгаа, заах арга зүйн хувьд тулгарч буй бэрхшээлийн талаар авсан судалгааны дагуу “Шинэ үе” сургуулийн багш нар хичээлийн хөтөлбөрөө боловсруулжээ. Тиймээс багшийн хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурласан онол, практикийг хослуулсан үр өгөөжтэй сургалт болсныг зохион байгуулагчид үнэлэв.

Сургалтанд оролцож буй багш нар онлайнаар даалгавар авч өмнөх сургалтынхаа үр дүнг үнэлэх зарчмаар хөгжих ажээ. Цаашид сургалтанд хамрагдаагүй сумдын багш нарыг гуравдугаар улирлын амралтаар сургалтанд хамруулах бөгөөд жилд хоёроос гурван удаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтанд амжилттай оролцсон багш нарыг урамшууллаа

Туршлага солилцох судлах сургалтын үеэр сургалтанд амжилттай оролцсон болон шилдэг багш нарыг шагнаж урамшуулжээ.

Тухайлбал  “Боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр Цэцэн-Уул сумын математикийн багш Д.Жавзандулам, Тэс сумын бага ангийн багш Ч.Гүнчин, Тэлмэн сумын бага ангийн багш С.Хонгорзул нар шагнуулжээ. Мөн БСШУСпортын яамны Жуух бичгээр Тэс сумын бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш Э.Уламбаяр, Сантмаргац сумын бүрэн дунд сургуулийн технологийн багш Б.Арвин, Тосонцэнгэл сумын лаборатори сургуулийн мэдээлэл зүйн багш Г.Оюунгэрэл, Цэцэн-Уул сумын бүрэн дунд сургуулийн хөгжмийн багш О.Отгонбаяр нар тус тус шагнагдлаа. Түүнчлэн сургалтанд оролцсон сургууль бүрээс нэг шилдэг идэвхитэй багшийг "Итгэл даасан ирээдүйтэй багш"-аар шалгаруулж нийслэлийн тэргүүний "Шинэ үе" сургуулиас туршлага судлах, хамтран ажиллах эрхээр шагнасан юм.

Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ