Малын халдварт өвчин гарсан нь махны экспортонд гол нөлөө үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймаг өнгөрсөн онд 69.8 тн мах буюу 24 тэрбум төгрөгний мах боловсруулж экспортолжээ.
Завхан аймагт "Завхан хүнс" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэр, Тосонцэнгэл сум дахь "Жаст Агро" компанийн харъяа “Завхан Мах Маркет” үйлдвэр бий. ”Завхан Мах Маркет” үйлдвэр нь ОХУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ба нэг ээлжиндээ 80-100 толгой бод мал төхөөрөх хүчин чадалтай хагас автоматжуулсан мал төхөөрөх технологийн шугамтай. Зургаан тонн мах болон дайвар бүтээгдэхүүнийг -40 хэмд гүн хөлдөөх, 500 тонн мах, махан бүтээгдэхүүнийг -20 хэмд хадгалах, дотор дайвар эрхтэнд боловсруулалт хийх хүчин чадалтай юм байна.
Харин Завхан хүнс ХХК-ний мах боловсруулах бэлтгэх үйлдвэрүүд нь Увс, Завхан аймагт байрладаг бөгөөд Говь-Алтай Завхан аймгийн малчдаас махаа бэлтгэдэг байна. Өнгөрсөн жил тус компани 7000 тн мах экспортлох төлөвлөгөөтэй ажиллажээ. Гэвч мах бэлтгэдэг Говь-Алтай, Увс Ховд аймгуудад малын өвчин гарсантай холбогдуулан мах бэлтгэлийн болон экспортлох ажил удаашралтай алдагдалтай байжээ.
Дашрамд Монгол Улсаас БНХАУ-д мах экспортлох үйлдвэрүүд хоногт ойролцоогоор 1000-3000 толгой бог, 500-1000 толгой бод нядалж, бэлтгэх чадалтай, жилд 6-10 мянган тонн мах бэлтгэж, экспортлох боломжтой юм байна.
Б.Мягмарсүрэн