"Өглөөний цай"-тай уулзалтыг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-23 09:30:28

Өмнөговь аймагт “Эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад миний санал” өглөөний цайтай уулзалт зохион байгууллаа.

Хүний эрүүл энх сайн сайхны төлөө эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж ирсэн туршлагатай ахмад үеийн төлөөлөлтэй аймгийн удирдлагууд ийнхүү санал бодлоо солилцлоо. Энэхүү арга хэмжээг аймгийн удирдлагуудын түвшинд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд эрүүл мэндийн салбарын найман эмч мэргэжилтэнийг урилгаар оролцуулж тэдний үнэтэй сургамж зөвлөгөөг авсан юм.
Уулзалтын үеэр нэгдсэн нэг бодлогыг баримталж удирдлага мэргэжилтнүүдийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг тэнцүүлэх зохион байгуулалтын бодлого баримтлах, эмч мэргэжилтнүүдийн зан харилцаа, ёс суртахуун, үүргийг өндөржүүлэх, хов жив хөөцөлдөх нэгнийхээ ажил үйлсийг унагадаг асуудалтай хатуу хариуцлага тооцох, сайн ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдээ урамшуулан дэмжих, эмнэлэгүүд зөвлөх эмчтэй болох, эрүүл мэндийн салбарт хөндлөнгийн хяналтыг бий болгох хэрэгтэйг ахмад эмч нар зөвлөсөн байна.

Зөвлөгөөг төлөвлөгөөт ажил болгон хэрэгжүүлж, үр дүнд хүрнэ гэдгээ аймгийн удирдлагууд илэрхийлсэн бөгөөд цаашид “Өглөөний цай” уулзалтыг салбар бүрийг хамруулан зохион байгуулж, харилцан туршлага солилцож хамтран ажиллахаар боллоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ