АНУ-д хар салхины улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын нутгийн зүүн өмнөд хэсгийг хар салхи дайрсны улмаас 16 хүн амиа алдаж, 20 орчим хүн гэмтэж бэртжээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын Жоржиа болон Миссисипи муж улсад хүчтэй салхи салхилж, шуурга болсон байна.
Хүчтэй шуурганы улмаас олон айлын гэр орон болон автомашин эвдэрч, байшин барилгын дээвэр хуурч унан, мод үндсээрээ сугарчээ.
Нэгэн оршин суугч “том том модны мөчир агаарт хуйлралдаж, нуур цөөрмийн ус хаа сайгүй цацагдаж байсан. Бодохоос ч аймаар байна” гэж ярив.
Оршин суугчдад тусламж үзүүлж, хохирлын хэмжээг тогтоохын тулд гамшигт хамгийн их нэрвэгдсэн бүсэд Жоржиа муж улсын захирагч онц байдал зарлажээ.
Жоржиа болон Флорида муж улсуудын нутгийн зарим хэсгийг ойрын өдрүүдэд хар салхи дахин дайрч, шуурга шуурч болзошгүй гэж цаг уурчид анхааруулаад, оршин суугчдад аюулгүй газарт бат бөх барилгуудад хоргодохыг зөвлөж байна.
Г.Доржханд