БНСУ-аас шээсний туузан оношлуур дахин нийлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-01-23 14:35:57

Нийслэлийн эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын удирдлагууд болон холбогдох албаныхан энэ сарын 20-нд БНСУ-ын “Руйсанса” корпорацийн төлөөлөлтэй уулзаж, “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцлээ.

НЭМГ-аас өнгөрсөн 2014 оны 11 дүгээр сарын 19-нд БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар тус төслийн ажил эхэлсэн. Төслийн хүрээнд БНСУ-ын “Руйсанса” корпорациас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 142 өрхийн  эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуурыг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн юм.

Хамтын ажиллагааны хүрээнд 20 сургагч багш, 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж, өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээг авч эхэлснээр эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх болсон билээ. Мөн өвчнийг эрт илрүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвийн шээсний шинжилгээний ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.

Уулзалтын үеэр “Руйсанса” корпорациас гэрээт хугацааны дагуу шээсний туузан оношлуурыг дахин нийлүүлэх, аппаратын засвар үйлчилгээнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Мөн цаашид хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, гэрээний нөхцлийг боловсронгуй болгох, улмаар иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Тус уулзалтад НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, орлогч дарга О.Баяр болон холбогдох мэргэжилтнүүдээс гадна БНСУ-ын “Руйсанса” корпорацийн гүйцэтгэх захирал Ким Жунг Бүн, салбарын дарга Канг Гю Сонг, гадаад хэлтсийн дарга Ким Со Ёон, гадаад хэлтсийн дарга  Ким Бён Гуон, хөрөнгө оруулалт, эдийн засгийг хариуцсан дарга Пак Чонг Вон нар оролцов.

Ж.Болор

Холбоотой мэдээ