"Онцгой жавар" мөсний баяр хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-23 15:50:54

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас “Онцгой жавар” мөсний баярыг зохион явуулжээ.

Тус арга хэмжээнд ОБГазрын нийт бие бүрэлдэхүүн, Улсын нөөцийн салбар, байгууллагаас тэтгэвэрт гарсан ахмадууд, алба хаагчдын гэр бүл оролцсон байна. Нийтдээ долоон багийн 63 тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион явуулахад Улсын нөөцийн салбарын баг тамирчид түрүүлж, ахлах дэслэгч Ж.Батзолбоо захирагчтай 1 дүгээр салаа, Ахмадуудын баг тамирчид тус тус удаалжээ.

Мөн энэ үеэр багуудын дунд шинэ оны цэц мэргэнээ булаалдах "Буудлага"-ын тэмцээнийг ахлах дэслэгч Ж.Батзолбоо захирагчтай 1 дүгээр салаанаас зохион байгуулахад 9 оноогоор ОБГазрын дарга хурандаа Т.Мөнхбаатар тэргүүлж, багуудын “Хээрийн цайны амталгаа”-г шалгаруулахад ахлах дэслэгч Ж.Батзолбоо захирагчтай 1 дүгээр салааны хамт олон тулганы гал дээр хийцэлж чанасан цайгаараа тэргүүлж байгууллага хамт олны талархалыг хүлээсэн байна.
“Онцгой жавар” мөсний баярыг цаашид жил бүр зохион байгуулахаар болжээ.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ