Самсунг Анагаах ухааны төвийн эмч мэргэжилтнүүд үзлэг оношилгоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-01-23 17:21:55

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр БНСУ-ын Самсунг Анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Самсунг Анагаах ухааны төвийн Гадаад харилцааны хэлтсийн захирал Ноён И Сан Чол Монгол Улсын ЭМЯ Самсунг Анагаах ухааны төвтэй 2011 онд, ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй 2013 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа талаар танилцуулав.

Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургах, эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 2011 оноос хойш хамтран ажиллаж ирсэн Самсунг Анагаах ухааны төвд талархал илэрхийлээд, хамтын ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх чиглэлээр яамны холбогдох газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон холбогдох бусад байгууллагатай харилцан санал солилцоод шийдвэрлэх боломжтой талаар дурдав.

Тэрбээр, Самсунг Анагаах ухааны төв Монгол Улсын ХСҮТ-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгааг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ноён И Сан Чол 2012 онд Керри Кью Жи Экс сангийн буцалтгүй тусламжаар Монгол Улсын 68 эмч мэргэжилтэн, 2013-2016 онд Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр 48 эмч мэргэжилтэн Самсунг Анагаах ухааны төвд эмнэл зүйн сургалтад амжилттай суралцаж төгссөн талаар тэмдэглэн хэлээд энэхүү хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн Самсунг Анагаах ухааны төвөөс эмч мэргэжилтнүүд Монгол Улсад 2017 оны долдугаар сард хүрэлцэн ирж, Монгол эмч мэргэжилтнүүдтэй хамтарсан үзлэг, оношилгоо хийхээр төлөвлөж байгаагаа хэлээд ЭМЯ-ны зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Уулзалтын төгсгөлд талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Лхагва нар байлцав гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Ж.Болор

Холбоотой мэдээ