Сэтгэц наркологийн тасагт 140 гаруй өвчтөн хандаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-17 16:59:17

Өвөрхангай аймгийн Сэтгэц, Наркологийн тасаг өнгөрсөн 4 дүгээр сард байгуулагдсанаас хойш нийт 140 өвчтөн хүлээн аваад байна. Тэдгээрээс 68 нь архины хам шинжийн 2 болон 3-р  шатлалын гүн хордлоготойгоор ирж, эмнэлгийн тусламж аван эмчлүүлж байгаа юм.

Хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 57 хувийг 25-44 насныхан, 18 хувийг 45-49 насныхан, 25 хувийг нь 50-64 насны иргэд эзэлж байгаа ба ихэнхдээ элэгний үйл ажиллагаа доголдсон, архины архаг хордлоготой, сэтгэцийн гутрах хам шинж давамгайлсан хүмүүс ирж байгаа аж.

Архинаас хамааралтай ирж буй эдгээр хүмүүсийг 12-14 хоногт хордлого тайлах болон сэтгэл засах эмчилгээнд хамруулж, үргэлжлүүлэн амбулаториор эмчилдэг ба архинаас бүрэн гарахыг хүсвэл АА буюу “Архигүйгээр  амьдаръя” сайн дурын нийгэмлэгт хамрагдан нийгэмших үйл ажиллагаанд оролцдог. Одоогоор Сэтгэц, Наркологийн тасагт хандсан нийт өвчтөний 30 гаруй хувь нь дээрх шатлалыг дамжаад байна.

“Архигүй Өвөрхангай” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн удирдлагуудаас уг тасгийн үйл ажиллагаанд анхаарал тавьж, сар тутамд 4,5 сая төгрөгийн санхүүжилт олгож байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ