Гудсан дороо 20 сая доллар нуусан байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНВАШИНГТОН./ВВС/. АНУ-ын Массачусетс муж улс дахь нэгэн байшингаас орны гудсан дор нуусан байсан 20 сая долларыг холбогдох албаны хүмүүс илрүүлэн хураан авчээ.
Энэ мөнгө нь интернэт утасны үйлчилгээ эрхэлдэг гэх “TelexFree” компани нэр холбогдсон 1 тэрбум долларын санхүүгийн пирамидтай холбоотой аж. Санхүүгийн луйврын хэрэгт холбогдсон бразил залууг цагдаа нар эрэн сурвалжлах явцад уг мөнгийг олж илрүүлсэн байна.
Дампуурсан “TelexFree” компани нь дэлхий даяар бараг нэг сая хүнээс 1 тэрбум орчим долларыг луйвардан авсан гэж Америкийн прокурорууд үзэж байна.
Бразилын иргэн болох 28 настай Клебер Рене Ризерио Рочагийн Массачусетс муж улсын Уэстборо хот дахь байшингаас олдсон их хэмжээний бэлэн мөнгөний зургийг прокурорууд твиттерт тавьсан байна.
Хүмүүсээс мөнгө луйвардаж авсан, мөнгө угаасан хэргээр Роча гэгчийг баривчилжээ.
Сэжигтэн нь “TelexFree”-гийн санхүүгийн пирамидын нэг хэсэг бөгөөд буруу замаар олж авсан хэдэн сая долларыг Хонконгоор дамжуулан Бразил руу илгээдэг байжээ.
VoIP буюу интернэт протокол ашиглан дуу дамжуулах үйлчилгээгээ борлуулах зорилгоор “TelexFree” компани нь уг үйлчилгээг интернэтээр сурталчилж борлуулсан тохиолдолд “цалинжуулна” гэж амлан хүмүүсийг элсүүлж, тэднээс хураамж авдаг байжээ.
“TelexFree” компанийнхан шинээр элссэн хүмүүсээс авсан мөнгөөрөө өмнө нь элссэн хүмүүсээ урамшуулдаг байсан аж.
Г.Доржханд